Х.Наранжаргал: "Өдрийн сонин"-ы нийтлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тэсрэлт боллоо

 “Өдрийн сонин”, 2010.05.20 № 119 /3509/

Төрийн түшээгээр залрахын тулд хэрхэн мөнгө олдог (Өөрсдөө бол мөнгө босгох гэж нэрлэдэг юм билээ) болон тэрхүү хууль бусаар “босгосон” олон сая долларын тухай мэдсэн хэрнээ хууль хяналтынхан мэдээгүй дүр эсгэдэг, эсвэл тэдний өмнөөс “жижиг жараахай”-нуудад хэрэг тохсон болоод өнгөрдөг гэхчлэн ерөнхийдөө манай нийгмийн өнөөгийн дүр зургийг бодит байдлаар нь харуулсан нийтлэл манай сонины өмнөх дугааруудад гарав.

Уг нийтлэлд нэр дурдагдсан нь УИХ-ын гишүүн Д.Дондог болохоос үнэн хэрэгтээ бүгд л сарын цалингаасаа өөр орлогогүй алба хашиж байснаа нэг л өдөр олигархи болчихдог “ид шид” илчлэгдэж байна гэхэд болохоор. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх байдлыг таслан зогсоох үүрэгтэй хуулийн байгууллагын зарим ажилтнуудын үнэн нүүр царай ч тодорч байх шиг.

Хэрэгт холбогдсон нөхөд өөрийгөө зөвтгөхийн тулд шалгаж буй прокурорынхоо талаар гүтгэлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л яаж ч бодсон ялаа нэмэх гэж, зохиомол мэдээлэл өгмөөргүй л юм. Ямар боловч “Үнэний мөрөөр” мөшгисөн сэтгүүлчид нийгмийн тодорхой түвшинд доргилт үүсгэсэн нь лавтай.

Манай нийтлэлийн дараа олон газраас сонины редакц болон бичсэн сэтгүүлчдэд талархсан, бахархсан, бас сэрэмжлүүлсэн хүмүүсийн утасдах тасарсангүй.

Тэр ч байтугай үүнтэй төсөөтэй мэдээлэл өгөхийг хүсэгчид ч гарав. Сэрэмжлүүлэг эхнээсээ үнэн болох нь батлагдах мэт А.Батбилэгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гэгч утасдаж “Араа даагаарай” гэхчлэн сүрдүүлсэн байна.

Өмгөөлөгчид ийм эрх дарх байдаг эсэхийг бүү мэд. Бодвол цаад хүнийхээ л даалгаврыг биелүүлж буй нь тэр биз ээ. Хулхидаж авсан олон сая доллараас нь хувь хүртэж байгаа болохоор тэгэхээс аргагүй болсон байж мэднэ  л дээ.

Бичигдсэн нийтлэл болон түүнээс үүдэн гарч буй үзэгдлүүдтэй холболгдуулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүл зүйн чиглэлээр олон жил судалгаа, сургалт явуулж буй “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай уулзав.

- Манай сонинд гарсан нийтлэлийн талаар Таны бодлыг сонсох гэсэн юм?
- Би өнөөдрийн нийтлэлийг дөнгөж сая уншлаа. Мэргэжлийн сэтгүүлч хүний хувьд, энэ талаар олон жил судалгаа мониторинг хийсэн байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд үнэхээр бахархаж байна. Бас жаахан болгоомжилж байна. Товчхон хэлбэл танай энэ цуврал нийтлэл Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд том тэсрэлт авчирлаа л гэж дүгнэж байна. Миний хувийн бодол шүү.

- Урьд нь иймэрхүү мэдээлэл гарч байгаагүй гэж үү?
- Мэдээж энэ чиглэлийн нийтлэл, мэдээлэл гаралгүй яахав. Гэхдээ л нийгмийн голлох хэсгийг бүхэлд нь доргиосон, жинхэнэ утгаар нь эрэн сурвалжилж олсон мэдээллээ зоригтой гаргаж тавьсан нь онцлог юм даа. Манай судалгаанд хамрагдаж, хуулийн хамгаалалт авсан гурван ч сэтгүүлч байгаа. Завханы Мягмарсүрэн, Өвөрхангайн Жавзансүрэн нараас гадна Намуун-Уянга гэж бий. Тэр сэтгүүлчдийн хуулийн байгууллагаар шалгагдсан үндэслэл нь төсөөтэй л дээ.

- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлбэр хомс байгаа гэж ойлгох уу?
- Сэтгүүл зүйн гурван хэлбэр байдаг л даа. Шууд, илрүүлэх, эрэн сурвалжлах гэж. Манай ихэнх сэтгүүлч үнэндээ шууд хэлбэрээр л ажилладаг. Хэвлэлийн хурлаас ч юм уу хэн нэгэн гишүүн, сайд, даргаас үгийг нь сонсоод зөвхөн дамжуулагчийн л үүрэг гүйцэтгэдэг гэсэн санаа л даа. Хуучин цагт бол хэвлэлд улсын Главлитаас эхлээд хяналт зөндөө байсан. Одоо тэр нь үгүй болсон ч редакцийн цензур  оронд нь гараад ирсэн. Ийм  байдлаас болоод сэтгүүлч өөртөө давхар цензур тавихаас аргагүй байдал үүссэн. Ингээд яриад байвал маш олон шалтгаан дурдаж болно. Эдгээрээс үүдээд эрэн сурвалжлах, илрүүлэх сэтгүүл зүй бараг мөхөж байна гэхэд хилсдэхгүй.

- Бахархахаас гадна болгоомжилсон нь ийм учиртай юм уу?
- Үндсэндээ тийм. Түүнээс гадна манайд хэвлэл мэдээлэл чөлөөтэй мэт гаднаа харагддаг ч үнэн хэрэгтээ хамгийн хаалттай бүс болсон байдаг юм. Хэчнээн олон телевиз, сонин, радио байгаа ч үнэн хэрэгтээ бүгд хэн нэгний хараат, эздээ сурталчлах хэрэгсэл болчихсон. Дээрээс нь сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах, мэдээлэл олж авах, олсон мэдээллээ чөлөөтэй нийтлүүлэх боломж, хуулиар баталгаажуулсан хамгаалалт ерөөсөө байхгүй.  Ялангуяа эрх мэдэл бүхий хүмүүсийн тухай бичсэн сэтгүүлчдэд дээрээс ирэх дарамт асар их. Утсаар сүрдүүлэхээс эхлээд, автын осолд оруулах тухай,  гэр бүлийнхэнд нь ямар нэг аюул учруулах тухай далд утгаар ойлгуулах гэхчилэн ноцтой асуудал үүсдэг. Манай судалгаанд гэрийг нь машинаар дайрсан, хүчиндүүлсэн тохиолдол бүртгэгдсэн нь бий. Болгоомжилсон маань ийм учиртай. Асуудалд холбогдсон эрх мэдэлтэн хэвлэлийн бага хурал зарлаад өөрийгөө зөвтгөсөн мэдээлэл сүр дуулиантай хийдэг. Хууль хяналтынхан ч чимээгүй болчихдог. Үүнээс болоод сэтгүүлчээс гадна тухайн хэвлэлийн нэр хүнд ч унана. Энэ бол эрх мэдлээрээ хэвлэл мэдээллийг дарангуйлж буй жишээ.

- Эрх зүйн хамгаалалтгүй ийм нөхцөлд сэтгүүлчид хэрхэн ажиллах ёстой талаар судалгаа, зөвлөмж байна уу?
- Байна аа. Юуны өмнө өөрийгөө хамгаалах хууль эрхийн актууд, олон улсын конвенцийн заалтуудыг мэддэг байх  хэрэгтэй. Хамгийн гол нь дэвшүүлэн тавьсан асуудал чинь олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол тэдний зүгээс дэмжлэг авах нь чухал. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн дөрөв дэх засаглал болох гол шалгуур болсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн энэ зоригтой тэсрэлтийг бүгд дэмжиж, мөрөөр нь хөөн бичих хэрэгтэй болов уу.  Бичицгээх байх гэж итгэж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үгээ хэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэхээр авлига, ёс зүйгүй байдлаас салах хүсэл эрмэлзэл байгаа  бол төр засгийн зүгээс ч дэмжих биз ээ.

- Хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэсэн санаа биз?
- Яг тийм. Захиалгат сэтгүүл зүй газар авсан энэ цагт мэргэжлийн сэтгүүл зүйг аврах том алхам хийсэн танай хамт олонд баяр хүргэе.

Олхонууд Шаабар