"ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-2025"-г УГТАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ нь Нэгдсэн Үндэсний Байгууллага болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕ – ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” олон талт хэлэлцүүлгийг 2025 оны 5-р сарын 02-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгууллаа. 


Энэхүү үйл ажиллагааг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид нар үг хэлэв.

Хэлэлцүүлэгийн нэгдүгээр хэсэгт Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн Монгол улс дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал сэдвээр илтгэл танилцуулав.


Мөн энэ хэсэгт “Дижитал эрин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлгийн панелистаар, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргал, “Мезис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин, “Mashine Learning UB” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Т.Батсайхан нар оролцож, “Монголын залуучуудын эвсэл”-ийн Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа чиглүүлэв.


Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө - эрх зүйн зохицуулалт сэдэв” дор панелистаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа, ХЗДХЯ-ны Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан, МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, Сэтгүүл зүйн Инноваци, Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо нар оролцож, Глоб Интернэшнл Төвийн хуульч Б.Пүрэвсүрэн чиглүүлэн санал бодлоо хэлэлцлээ. 


Монгол Улс 2024 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр огцом ухарч, 180 орноос 109-д жагссан. 2025 оны нэгдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх болсныг хэвлэл мэдээллийн салбарынхан олон янзаар хүлээж авсан бөгөөд, хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбоотой байр суурь, санал бодлоо нээлттэй солилцлоо. Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, багш нарын төлөөллийн 140 гаруй оролцогчид хамрагдав. 

 

Глоб Интернэшл төв нь жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа”-г хийж танилцуулдаг уламжлалтай бөгөөд 2024-2025 оны судалгааны онцлох үр дүнгээс танилцуулсан юм. Уг судалгаанд нийт Улаанбаатар хот болон орон нутгийн 387 сэтгүүлч хамрагдсаны 68 хувь нь эмэгтэй сэтгүүлч үлдсэн 32 хувь нь эрэгтэй сэтгүүлч байв. Судалгаанд хамрагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн ихээр тулгарч буй асуудлуудын тэргүүнд  төрийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг явдал  гэж 67 хувь, эрх ашгийг нь хамгийн их зөрчдөг субьектээр эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гэж 58 хувь нь хариулсан байна. Түүнчлэн хувийн аюулгүй байдал болон эх сурвалжийн аюулгүй байдал чухал гэж судалгаанд оролцогчдын 65-66 хувь нь онцолсон нь анхаарал татахуйц байна.


Үйл ажиллагааны төгсгөлд Глоб Интернэшнл төвийн нэрэмжит “Үнэний төлөө” шагналыг Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Яап ван Хиердэн болон ГИТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал нар гардууллаа. Энэхүү шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон Глоб Интернэшнл Төвөөс олгодог бөгөөд энэ жил 17 дахь удаагаа олгож байна. 


1993 онд  НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан. 2025 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Хиймэл оюун ухаан сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөөнд үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэж байна.