Удирдах зөвлөл
"Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллага нь 5 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөл юм. 
Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал
1954 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1979 онд Уралын Политехникийн Их сургууль, мөн онд тус сургуулийн Нийгмийн ухааны оройн факультетын сэтгүүлчийн анги төгссөн. 1979-1995 онд Монгол телевизэд редактор, Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакцийн ерөнхий редактор, Программын захиргааны даргаар ажиллаж байсан. Энд ажиллах хугацаандаа телевизийн 300 гаруй нэвтрүүлэгт зохиогч, редактор, хөтлөгчөөр ажилласан. Мөн 30 гаруй уран сайхны болон баримтат кино орчуулсан. 1991-1992 онд Английн Лондон хотноо Бэл Лэнгүэж сургуульд англи хэл сурч Би-Би-Си телевизэд дадлага хийсэн байна.
1995-1999 онд Дани-Монголын "Чөлөөт, хараат бус хэвлэл" төслийн хүрээнд байгуулагдсан Сонины хэвлэх үйлдвэрийн захирал, менежментийн зөвлөхөөр ажилласан. Х.Наранжаргалын бичсэн "Гүүр", "Сүүлчийн улирал", "Бэр цэцэг" зэрэг телевизийн драм, “Санан санан дурсана” телевизийн олон ангит кино Монгол Телевизийн дэлгэцэнд, "Сэтгэлд нууцлагдсан амраг", “Улаан сарнай” драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдсан. Мөн телетеатрын 20 жилийн түүх, хөгжлийн тухай "Телевизийн театр" (1989), "Олон нийтийн телевиз" (1996) эмхэтгэл, ”Телевизийн сэтгүүл зүй” (2007) сурах бичиг бичиж, хэвлүүлсэн байна.
Тэрээр Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан.
1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байсан. 1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн. Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, МХХ-гийн дээд курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Х.Наранжаргал нь 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон бөгөөд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн юм. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон. Орос, Англи хэлтэй.

   Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид   

Б.Галаарид нь “Үг”, ”Улаанбаатар”, “Өнөөдөр” зэрэг сониныг өлгийдөлцөж, нийслэлийн төр захиргааны хэвлэл – “Улаанбаатар” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, төрийн төв хэвлэл – “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактор, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Танин мэдэхүйн “Гэрэлт Цалиг” сэтгүүл /2009 он/, “Цалиг” хэвлэлийн газар/2008 он/, "Цалиг" тв студи/2009 он/-ийн үүсгэн байгуулагч юм.
Б.Галаарид нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн анхны мэргэшсэн багш нарын нэг бөгөөд “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтын захирал, КУДС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч зэрэг алба хашиж олон арван сэтгүүлч бэлтгэжээ.
Тэрбээр Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, иргэн сэтгүүлчдийн "Бүгдээрээ.мн" сайтыг блогч нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Мөн Монголын зохиолч сэтгүүлчдээс хамгийн анх блог хөтөлсөн.
Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад хүч хөдөлмөрөө зориулж байгаа уран бүтээлч юм. Б.Галаарид нь 2018 онд "Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил" сэдвээр докторын зэрэг хамгаалсан, 2013 онд Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан.

Удирдах зөвлөлийн гишүүн Д.Аюуш

Д.Аюуш нь ХИС-д Харьцуулсан уран зохиолоор магистр, Австралийн Сидней хотын Технологийн Их сургуульд Мэдээллийн менежмэнт, цахим-сургалтын чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан, Стенфордын ИС, Кентаки мужийн ИС, Сан Франциско хотын коллежид урилгаар лекц уншиж, ХИС-д Англи, Америкийн уран зохиол, соёлын антропологи зэрэг хичээлийг зааж байсан

 Удирдах зөвлөлийн гишүүн Л.Галбаатар 

Л.Галбаатар нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2011 онд олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2014 онд Сингапур Улсын Оюуны өмчийн академид оюуны өмчийн эрх зүй, 2017 онд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургуулийн Мэдээллийн технологи, оюуны өмчийн олон улсын лабораторид цахим эрх зүйн чиглэлээр тус тус суралцсан. 

Тэрээр цахим эрх зүйн чиглэлээр “Цахим эрх зүй”, “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” зэрэг 4 ном, 22 өгүүлэл, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр 44 өгүүлэл, нийтлэл хэвлүүлжээ. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан туршлагатай. “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн 5 дугаар бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцож “Mongolian Legislation and Law Enforcement” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд өгүүлэл, нийтлэлээ түгээж буй судлаач юм.

Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд Web of Science, Scobus зэрэг эрдэм шинжилгээний тэргүүлэх мэдээллийн санд бүртгэлтэй. Түүний “Цахим эрх зүй” блог болох www.galbaatar.blogspot.com нь 2007 оноос эхлэн өнөөг хүртэл цахим орчны эрх зүйн асуудлаар сонирхон судлагч, тусламж хүсэгч хэн бүхний хувьд чухал, шинэлэг эх сурвалжид тооцогдож байна. Л.Галбаатар нь Монгол Улсын Их сургуулийн хуулийн зөвлөх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хуульч, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан. 

Л.Галбаатар нь 2019 оноос Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2020 оноос Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байна.

Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батцэцэг
Ц.Батцэцэг нь Австралийн "Macquirie" Их Сургуулийн Бизнесийн Сургуулийг Хэрэглээний Санхүүгээр магистр, Раффлес Институтыг Банк, Санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, АНУ-ын “Northern Virginia Community College”-ийг Бизнесийн удирдлагаар Associate цол тус тус хамгаалсан. Тэрээр “Фронтиер Секюритиз” ХХК үнэт цаасны компанид шинжээч, НҮБХХ-ийн “Зуд, Үндэсний Гамшгийн Эсрэг Хөтөлбөр”-ийн багийн удирдагчийн туслах/орчуулагч.  НҮБХХ-ийн “Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг Бэхжүүлэх” төслийн Санхүү хариуцсан мэргэжилтэн, “АГЬ ТРЕЙД” ХХК-д санхүү хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай. Одоо “АГЬ ТРЕЙД” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.