Та бүхэнд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаадаа таатай байна.
Комиссын хувьд хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай нээлттэйгээр хамтран ажилладаг. Тиймээс ч “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ”-г эхнээс дэмжиж, хамтран ажиллаж байгааг онцлох нь зүйтэй байх.
УИХ-аас 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар хэвлэл, мэдээллийн салбар дахь сэтгүүлчийн хараат бус, бие даасан, олон ургальч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн үндсийг тавьсан.
“Хэвлэлийн эрх чөлөө”, “хүний эрх” хаана нэг цэгт огтлолцдог вэ гэхээр нэг талаас сэтгүүлчийн мэдээ, мэдээллийг хайх, олж авах, хүлээн авах, түгээх зэргээр түүний мэргэжлийн үйл ажиллагаа нөгөө талаас иргэний мэдэх эрхийг хангахтай салшгүй холбогддог. Тодруулбал, мэдэх эрх бол иргэн үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр хангагдах эрх юм.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 удаагийн илтгэлдээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээлэл болон хэвлэн нийтлэх эрхийн асуудлыг хөндөж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулж ирсэн. Тухайлбал, Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төслийг боловсруулж, танилцуулсан. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 35 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хууль, иргэний үндсэн эрхийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Улсын Их Хурал яг энэ цаг мөчид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Та бүхэн идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй гэдгийг энэ дашрамд хэлье.
Энэ удаагийн 24 дэх илтгэлд “сэтгүүлч-хүний эрх хамгаалагч”-ийн эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хөндсөн. Учир нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт эхэлснээс хойш сэтгүүлч хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөлд судалгаа, дүн шинжилгээ хийж, УИХ-д танилцуулж, бодлогын болон зохион байгуулалтын шинжтэй шийдвэр гаргуулахаар тодорхой саналуудыг УИХ-д хүргүүлсэн.
Нөхцөл байдлыг шинжлэн үзвээс хэвлэлийн эрх чөлөө Монгол Улсад хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улс 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 51.34 оноотойгоор “муу” гэж дүгнэж, 180 орноос 109-т эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан үзүүлэлт бөгөөд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа улс орнуудын тоонд багтсан гэсэн үг юм. Үүнд олон асуудал нөлөөлжээ. Тухайлбал,
- улс төрийн нөхцөл байдлын хувьд хэвлэл мэдээллийн өмчлөл, эзэмшил төвлөрсөн бөгөөд ил тод бус, Засгийн газар, улс төрийн намуудаас хамааралтай болж улс төрчдийн шахалтаар хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж хумигдаж байгаа,
- эдийн засгийн хувьд хэвлэл мэдээллийн эзэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн давуу байдал олж авах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгож ашиглаж байгаа,
- эрх зүйн хувьд нэр төр, алдар хүндтэй холбоотой хэргийн ихэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг чиглэж байна. Өндөр дүнтэй нэхэмжлэл, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага нь хараат бус байх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх зоригийг мохоож байна,
- Нийгэм, соёлын хандлагын хувьд олон нийтийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэх хандлага нэмэгдсэн,
- Сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт их, ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлч ажилтай нь холбогдуулж заналхийлэл, дарамт, доромжлолд өртөж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна гэж дүгнэжээ.
Тэгвэл Комиссоос хийсэн судалгаа, сэтгүүлч-хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэсэн илтгэлийн дүгнэлт дээрх дүгнэлттэй ижил төстэй гарсан байна. Онцолбол, Монгол Улсад сэтгүүлч эрүүгийн гэмт хэрэгт яллагдах нэмэгдэж байна. Энэ байдал нь хувь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйгээс үл хамаарч сэтгүүлчийн эсрэг зориуд чиглэсэн бөгөөд шударга шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлчийн дуу хоолойг хязгаарлах хэлбэрээр илэрч байна. Түүнчлэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзах, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон газарт сэтгүүлчийн эсрэг гомдол өгч, залхаах явдал нэмэгдэж байна. Мөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт ихсэж байна гэж дүгнэсэн.
Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгааг нэмэгдүүлж, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтэд бодитой, үнэн зөв, ил тод мэдээллийг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тал бүрийн оролцоог хангаж ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Түүнчлэн, 24 дэх илтгэлд цахим технологийн эрин үед шинэ тутам үүсэж буй хүний эрхийн асуудлыг хөндөж “Хүний эрх ба цахим технологи” бүлгийг илтгэлд тусгасан. Цахим технологийн хөгжил харилцаа холбооны хувьсгал хийж, мэдлэгийг “ардчилж”, бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, хүний амьдралын чанарыг сайжруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол нүүрлэж буй өнөөгийн дэлхийд идэвхтэй өсөж буй хүн төрөлхтний аюулгүй, тогтвортой орших шийдэл, найдвар болж байна. Гэвч мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, хадгалж, боловсруулж, ашиглах үндсэн горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөний ноцтой эрсдэлийг дагуулдаг.
“Хүний эрх ба цахим технологи” бүлгийг үндсэн гурван хэсэгтэйгээр боловсруулсан.
Нэгдүгээр хэсэгт Монгол Улсын цахим хөгжлийн ирээдүйг тодорхойлох суурь нөхцөлүүд болох бодлого, эрх зүйн орчин, засаглал, технологийн нэвтрэлт, иргэдийн цахим ур чадвар, цахим боловсролын түвшнийг хүний эрхийн үүднээс үнэлж, Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын хөгжил эхлэл шатандаа, хэрэгжилт хангалтгүй, ялангуяа хүний эрхийн эрсдэлийг бүрэн тооцохгүй, нэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ үгүйлэгдэж байгааг анхаарууллаа.
Хоёрдугаар хэсэгт хууль сахиулах ажиллагаанд тулгуур үүрэгтэй олон нийтийн орон зай дахь камерын хяналт, зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох цахим гавыг ашиглаж буй байдал, тагнах төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарах хүний эрхийн асуудлуудыг танилцуулж, Монгол Улс дахь хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээг үнэлж, “Хиймэл оюуны үндэсний стратеги”-д тусгавал зохих зарчмуудыг санал болголоо. Түүнчлэн, энэ хэсэгт Монгол Улсад цахим хуваагдал оршин буйг илтгэж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цахимжилтаас үл орхих, цахим хөгжлийн үр шимийг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай болохыг сануулав.
Гуравдугаар хэсэгт, цахим хөгжлийн эриний “газрын тос” гэгдэж буй хувийн мэдээллийг хамгаалах Монгол Улсын хууль зүйн үндсэн баталгаа Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хийдэл, хэрэгжилтийг үнэлсэн болно. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар мэдээллийн эзний эрх, мэдээлэл хариуцагчийн үүргийг дэлхийн жишигт баталгаажуулсан боловч эрх зөрчигдсөн, үүргээ биелэгдээгүй үед хүлээлгэх хариуцлага, албадлагын арга хэмжээг хэлбэрийн төдий тогтоосон нь уг хуулийг тунхаг болгож байна. Мөн цахим технологи хүний, нийгмийн мөн чанарыг өөрчилж буй энэ цаг үед мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг Монгол Улсад зохих ёсоор бий болгож хөгжүүлэх нь чухал болохыг анхааруулж, хэрэгжилтийг сайжруулах арга замыг санал болгосон.
Өнөөдрийн энэ хэлэлцүүлгээр тал бүрээс санал бодлоо хэлэлцэж, үр дүнтэй санал, санаачилга гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиг зүг тогтох байх гэж итгэж байна.
Хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ”, Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО-ын Монголын Үндэсний Комисст талархал илэрхийлье.