Глоб Интернэшнл төв нь Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр “Хууль эрх зүйн орчин болон редакцын чадавхыг бэхжүүлэх замаар иргэний орон зайг хамгаалах нь” төслийг 2025 оны 8 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж, бэлтгэх шатандаа явж байна.
Төслийн зорилго нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэн нийтлэх зэрэг суурь эрхүүдийг хамгаалах, сэтгүүлч, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хууль эрх зүйн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх, судалгаа, мэдээлэлд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хумигдаж буй иргэний орон зайг хамгаалах, тэлэхэд чиглэнэ.
Төслийн хүрээнд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад зориулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, иргэний орон зайд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой, хүний эрхэд суурилсан, ээлтэйгээр шийдвэрлэхэд суурь болохуйц мэдээллийн багц бэлтгээд зогсохгүй, хэвлэл мэдээллийн төлөөлөл, сэтгүүлчдийг оролцуулан “КИНО СУРГАЛТ” зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтад сэтгүүлчийн мэргэжлийн эрх, стратегийн өмгөөллийн тухай өгүүлсэн киног ашиглан, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд үүнд хуульч, сэтгэл зүйчийг урьж оролцуулахаар төлөвлөсөн нь уг сургалтын онцлог юм.
Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага, хуульчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнд хууль эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зөвлөмж боловсруулна. Зөвлөмжид олон улсын хуульч, судлаач, шинжээчийн санал, зөвлөмжийг тусгана.