-=mm.png)
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая!
Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч ноён Яап ван Хиердэн, Европын Холбооны Элчин сайд хатагтай Ина Марчюлёните та бүхнийг энэ өдөр бидэнтэй хамт байгаад гүн талархал илэрхийлье!
Манай улсын хувьд, Глоб Интернэшл Төвийн санаачилгаар энэ өдрийг 2017 оноос ЮНЕСКО-гийн Үндэсний Комисстой хамтран жил бүр тогтмол тэмдэглэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажиллаж буй АТГ-т талархал илэрхийлье!
2025 оны Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг “Цахим эрин үед хүрээлэн буй орчны тухай мэдээллийн хүртээмжийг хангах нь” сэдэв дор тэмдэглэж байна. Энэ жил 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ЮНЕСКО, Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газартай хамтран Манила хотод Дэлхийн бага хурал зохион байгуулж байна.
Улс орнуудын тогтвортой хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдол бүхий энэ өдөртэй холбоотой хоёр тэмдэглэлт үйл явдал энэ жил болж буйг цохон тэмдэглэе.
Нэгд, 2015 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий хурлын 57 тоот тогтоолоор энэ өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 10 жил болж байна. 2019 оны 10-р сард НҮБ –аас Ерөнхий Ассемблейн 74-р хурлаар жил бүрийн 9-р сарын 28-ныг Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр болгон тунхагласан билээ.
Хоёрт, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 80 дахь удаагийн чуулган АНУ-ын Нью Уорк хотноо болж өнгөрлөө. Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулганы 59 дүгээр тогтоолд “Мэдээллийн эрх чөлөө бол хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр “ болохыг заасан билээ.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ) 2030 батлагдснаас хойш олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарсан хэдий ч цаашид илүү ихийг хийх шаардлага байсаар байгааг ЮНЕСКО үзэл баримтлалдаа дурдсан байна. НҮБ-ын гишүүн орнуудаас 50 улсад мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан бодлого, хууль тогтоомж үгүй байгаа ажээ.
Монгол Улс төрийн ил тод байдлыг хангахын тулд мэдээллийг иргэдэд нээлттэй болгох Засгийн газрын анхны тогтоолоо баталснаас хойш 16 жил өнгөрч байна. Манай байгууллага иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэ хуулийг батлах нөлөөлөл, лоббийн үйл ажиллагааг 2004 оноос хойш тасралтгүй хийснээ эргэн дурсъя. Долоон жилийн дараа 2011 онд УИХ-аас иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэлтэй байх эрхийн тухай хууль баталж, 2021 онд шинэчилсэн найруулга болох “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан.
Анхны хууль батлагдснаас хойш манай байгууллага хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт мониторинг хийж байгаа билээ. Энэ онд бид Канадын “Хууль ба Ардчиллын Төв” төрийн бус байгууллагатай хамран тэдний боловсруулсан аргачлалыг ашиглан хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Үүнд төрийн 20 байгууллагыг хамруулсан. Үр дүнг тусад нь танилцуулах тул би дүгнэлтээс нь товч дурдъя. Үнэлгээний тайланд “Монгол Улс мэдээлэлтэй байх эрхийг Үндсэн хуулийн зүйл заалт, бие даасан хуулиар баталгаажуулсан нь ил тод байдлыг хангах улс төрийн хүсэл зориг байгааг илтгэнэ. 2021 онд батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь нээлттэй мэдээллийн хамрах хүрээ, дүрэм журмыг тодотгоход чухал ач холбогдол бүхий ахиц дэвшилтэй болжээ. Гэсэн хэдий ч хэрэгжилтийн явцад анхаарууштай зүйлс байгааг харуулж байна. Ялангуяа төрийн өмчит байгууллага, орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн зарим засаг захиргааны байгууллагын хэрэгжилт тааруу байгааг онцолжээ. Түүнчлэн ил тод байдлын зарчмуудыг чандлан сахиулах үнэлгээний тогтолцоо алга байгааг” анхааруулсан байна.
Иргэдийн мэдээлэлтэй оролцоо, дуу хоолой бол ТХЗ 2030-ын зорилтуудыг биелүүлэх эгэх хариуцлагын гол цөм нь юм. Үүний тулд мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хуулийнхаа чанарыг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хуулийн хэрэгжилтэд хатуу хязгаарлалт болж буй бусад хууль, ялангуяа Төрийн ба албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь манай улсын эн тэргүүний төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх хойшлуулашгүй зорилт билээ.
ТХЗ-ын ”Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” хэмээх 16.10. 2 дэд зорилт нь сэтгүүлч, хүний эрхийг хамгаалагч, шүгэлдэгчийн эрхийг хамгаалахтай нягт холбоотой ба мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох мэдээлэлтэй байх эрх чөлөө нь ТХЗ 2030-д заасан эрүүл мэнд, боловсрол, цаг уурын өөрчлөлттэй холбоотой үйлдлүүд гэх мэт хүний бусад эрхийг шаардах, эдлэх боломж олгоно.
Хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлт манай орны хувьд ч нийгмийн хурц асуудал болж буй. Байгаль хамгаалах үйлст чанартай, үнэн бодит мэдээлэлтэй иргэдийн оролцоо нэн чухал болохыг бид ойлгож байгаа хэдий ч хүний буруутай үйлдлүүдийн улмаас гарч буй аюул эрсдэлүүд байсаар байгаа тухай бид өнөөдөр ярилцах байх.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Мөн уул уурхайн баялгийг ашиглахтай холбоотой асуудлаар мэдээлэл, санал бодол солилцох нийтийн сонсгол зохион байгууллаа. Улс төрийн ийм хүсэл зориг, эерэг хандлага иргэдийг мэдээлэлтэй байхад ач холбогдолтой нь мэдээж. Харин олон нийт авч буй мэдээлэлдээ хэр итгэж, хэр ашиглаж буй, өөрийнхөө оролцоог хэрхэн ухамсарлаж буй нь бидний цаашид анхаарвал зохих зүйлийн нэг юм.
Энэ жил Дэлхийн бага хурлын үеэр “Хүрээлэн буй орчны тод байдлын нөлөөллийн ажилд, мөн хуудуутай мэдээлэлтэй тэмцэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийн тухай олон нийтийн мэдлэг ойлголт, оролцоог нэмэгдүүлэх практик алхмуудын хамт онцгойлон хэлэлцэхээр” ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд дурдсан байна.
Хүрээлэн буй орчны мэдээлэл манай хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудын үүрэг ч өндөр. Харин бусад оролцогч талуудын нягт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, байгаль орчны сэтгүүлзүй, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үр өгөөжтэй хөгжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах зэрэг асуудал манай өнөөдрийн хэлэлцүүлэгт чухал сэдэв болно гэж найдаж байна.
Эцэст нь, энэ уулзалтыг хамтран зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газарт дахин талархлаа илэрхийлье! Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн ирсэн оролцогч, илтгэгч Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье!
Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал
2025.09.25