ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл танхим”-д 3 сарын 26, 27-ны өдрүүдэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагааны зорилго нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд цогц бодлогын үнэлгээ хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх , үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө мөн хэвлэл мэдээлийн орчныг сайжруулахад чиглэсэн олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлж олон талын санал, шүүмж, зөвлөмжийг нэгтгэн хэлэлцэж бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын шинжээч, Канадын “Хууль ба ардчилал Төв”-ийн Гүйцэтгэх захирал Тоби Мендэл шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулан ажилласан бөгөөд хэлэлцүүлэгт оролцож Гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, бусад оролцогч талуудтай өөрийн боловсруулсан зөвлөмжийн талаар тайлбар хийн, санал солилцов.
Хэлэлцүүлгийг нээж ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан үг хэлэв. Үндсэн илтгэгчээр Глоб Интернэшл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл ба хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах ажиллаж, хэлэлцүүлгийн төгсгөлд яригдсан асуудлын хүрээнд дүгнэлт хийсэн юм.