Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийн талаар хэлэлцлээ.

 “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” уриан дор тэмдэглэж байна. Тус тэмдэглэлт өдөрт зориулсан хэлэлцүүлгийг Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ Жендэрийн үндэсний хороотой хамтран Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгууллаа. Глоб Интернэшнл төвийн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа”-ны (2024-2025) үр дүнгээр сэтгүүлчид сошиал аккаунтаа хакердуулах, блоклуулах тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ мэдээллээ хулгайд алдах, и-мейл болон утасны мессежээр заналхийлэх зэрэг цахим дарамт нэмэгдэж байна. 


ХЭҮК-ийн гишүүн С.Дондов хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад хэвлэл мэдээллийн ажилтан ял шийтгэгдэх байдал нэмэгдэж байна. Энэ нь хувь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйгээс үл хамаарч сэтгүүлчийн эсрэг зориуд чиглэсэн бөгөөд шударга шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлчийн дуу хоолойг хязгаарлах хэлбэрээр илэрч байна. Түүнчлэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзах, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон газарт сэтгүүлчийн эсрэг гомдол өгч, залхаах явдал нэмэгдэж байна. Судалгааны үр дүнд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт ихсэж байна” гэж дүгнэлээ.


Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш “Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг бөгөөд жендэрээс үүдэлтэйгээр нийгэм, эдийн засаг болон улс төрийн эрх зөрчигдөж, бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч болж зарим эрхээ эдлэх боломжгүй болдог. Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрийг одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд нарийвчлан тодорхойлоогүй байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл гаарах мөн зарим тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.


Уг хэлэлцүүлэгт  Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн ажилтнууд оролцлоо. 

Манай улсын хувьд цахим орчин дах эмэгтэй сэтгүүлчдийн дүрслэл сөрөг шинж давамгай. Сөрөг постууд ихэвчлэн доромж, гүтгэлэг, ёс зүйн шүүмж, мэргэжлийн чадварыг үгүйсгэсэн хэлбэрээр илэрч байгааг Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, судлаач Т.Есөн-Эрдэнэ  дүгнэлээ.  Панел хэлэлцүүлгийн үеэр эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийг бууруулах, жендерт суурилсан хүчирхийллийг багасгахад тал бүрийн оролцоо чухал байгааг тэмдэглээд, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгүүлчдэд өдөр тутамд тулгарч буй аюулыг багасгахын тулд хууль хэрэглээний асуудлыг эргэн харах хэрэгтэйг онцоллоо.