Жил бүрийн 9-р сарын 28-нд тохиодог “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” (IDUAI)-ийг угтан дэлхийн олон улс оронд мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд 2025 оны 9-р сарын 29-ний өдөр Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар болон түнш байгууллагуудтай хамтран “Цахим эрин үе дэх хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээж зохион байгууллагч байгууллагын удирдлагууд төдийгүй НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните үг хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр:
• Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт туссан мэдээллийн ил тод байдлын зорилтын хэрэгжилт,
• “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилт ба сайжруулах стратеги,
• Төрийн цахим үйлчилгээний хүртээмж,
• Байгаль орчны талаарх мэдээллийн хүртээмжийн нөхцөл байдал,
• Иргэний нийгмийн байгууллагын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн Үнэлгээ зэрэг асуудлуудыг төрийн байгууллага, салбарын төлөөлөл, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлчид хэлэлцэж, цаашдын гарц, шийдлийг хамтдаа тодорхойлсон юм. Дээрх Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн Үнэлгээг Канадын Хууль ба Ардчилал байгууллагын олон улсад ашиглаж буй аргачлалаар Монгол Улсын ХЭҮК, Глоб Интернэшл төв хамтран гүйцэтгэсэн юм.
Монголд болж буй энэхүү хэлэлцүүлэг нь зөвхөн үндэсний түвшинд хязгаарлагдахгүй, бүс нутгийн хэмжээнд өрнөх хэлэлцүүлэг, санаачилгуудтай уялдаатай юм. Тухайлбал, энэ жил Филиппин улсын Манила хотноо 9-р сарын 28–30-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн санаачилгаар зохион байгуулагдах IDUAI-ийн бүс нутгийн хурал дээр ч мөн адил дижитал эринд мэдээлэлд хүртээмжтэй байх, байгаль орчны мэдээлэл, хүний эрхийн хамгааллын асуудлыг голлон авч хэлэлцэв.
Ийнхүү Улаанбаатарын үндэсний хэлэлцүүлэг болон Манилагийн бүс нутгийн уулзалт нь ижил зорилго — иргэдийн мэдээлэл авах эрхийг хамгаалах, ил тод байдлыг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах-д чиглэсэн хамтын хүчин чармайлтын салшгүй хэсэг боллоо.
Глоб Интернэшнл төв болон хамтран зохион байгуулагч байгууллагууд иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь ардчиллын үндэс, ил тод нийгмийн баталгаа гэдгийг онцолсон юм.