Сэтгүүлчдэд хуулиар дамжуулж шахалт үзүүлэх нь цензурын том хэлбэр

Өдрийн сонин” 2012.02.01-ны өдрийн №029, 030



”Глоб  Интернэшнл” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

- Манай улс олон улсад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө хориод байр ухарсан үнэлгээтэй гарчихлаа. Байр ухарсан шалтгаанаас яриагаа эхлэх үү?
- Дэлхийд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр олон байгууллага ажилладаг тэдний хоёр нь дэлхийн хэмжээний индексийг тодорхойлдог. Нэг нь “Хил хязгааргүй сурвалжлагчид” гэсэн Парист төвтэй олон улсын байгууллага. Энэ байгууллага шалгуур үзүүлэлтийнхээ дагуу индексээ гаргадаг.

Монгол Улс дэлхийн 179 орноос 100 дугаар байранд орсон. 2006 онд 86-д байсан. Өнгөрсөн жил 76-д жагсаад энэ жил хориод байраар ухарчихлаа. Асуудал нь нэмэгдэж байна л гэсэн үг. Жагсаалт гаргахад нөлөөлдөг хэд хэдэн гол үзүүлэлт байдаг. Сэтгүүлчдээс шоронд хоригдсон хүн байгаа эсэх, ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ амь үрэгдсэн сэтгүүлч бий эсэх, бусад улс орон руу зайлшгүй дүрвэх шаардлагатай болсон сэтгүүлч байна уу, сэтгүүлчдийн ажпын багаж хэрэгсэл, эрүүл мэндэд нь халдсан уу гэх мэт олон үзүүлэлтээр хардаг. Сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад эрх зүйн хувьд ямар саад бэрхшээл байна, цензурыг өөгшүүлэхээр хуулийн зүйл заалт байдаг эсэхийг мөн хардаг.

Индекс гарахад нөлөөлсөн цаг хугацааг аваад үзье. Энэ үед гарсан нэг том өөрчлөлт бол өнгөрсөн оны зургадугаар сарын 16-нд батлагдсан Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль. Сэтгүүлчдэд төрийн байгууллагаас мэдээлэл авах, төрийн байгууллагын бичиг баримттай танилцахад таатай нөхцөл бүрдүүлсэн хууль л даа. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар хуулийн хэрэгжих процесс дэндүү удаан байна.

“Улаанбаатар таймс” сонины эрхлэгч байсан До.Чулуунбаатарыг хууль бус өмч хувьчлалтай холбоотой гэсэн шалтгаанаар нэлээд удаан хугацаагаар хорьсон. Хамгийн гол үзүүлэлт нь энэ байсан байх. Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой, манайхны хэлдгээр гүтгэж доромжилсон мэдээлэл түгээж хүний нэр төр алдар хүндийг гутаасан гэсэн зүйл заалтаар эрүү үүсгэж байгаа хэрэг өмнөхөөсөө нэмэгдсэн. Иймэрхүү хүчин зүйлүүд нөлөөлсөн. Бас хуулиар дамжуулаад сэтгүүлчдэд дарамт, шахалт үзүүлнэ гэдэг бол цензурын их том хэлбэр. Ийм цензур арилаагүй учраас манай үзүүлэлт буураад байна. Сэтгүүлчдийн ажлынх нь багаж хэрэгсэлд халдах, заналхийлж сүрдүүлэх зүйлүүд ч гарч байна. Ийм байгаа цагт манай хэвлэлийн эрх чөлөөний статус нэг их өөрчлөгдөхгүй л дээ.

- Саяхан сэтгүүлчид их хурлаа хийгээд МСЭ-ийн нэрийг өөрчилж, удирдлагаа шинэчилж нэлээд юм боллоо. Удирдах байгууллагад нь сэтгүүлчдийг томилдог, халдаг хүмүүс орсон нь буруу гэсэн шүүмжлэл ч сонсогдож байна. Олон улсын сэтгүүлчдийн холбоо энэ тал дээр ямар жишиг барьдаг юм бол?
- Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл гэсэн байгууллага байхдаа Олон улсын сэтгүүлчдийн холбооны бүрэн эрхт гишүүнээр элссэн юм. 2003 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл, Монголын сэтгүүлчдийн холбоо нэгдэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллага байгуулагдсан. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэгдсэн хоёр байгууллагын гишүүнчлэл, өмч хөрөнгийг нь өвлөж авсан. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж гишүүнчлэл өмч хөрөнгө нь шилжиж байгаа учраас бүрэн эрхт гишүүнээрээ үлдээсэн.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо бол сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Сэтгүүлч хараат бус байж үнэн мэдээллийг түгээнэ. Гэхдээ редакцид өмчлөгчийн нөлөө зайлшгүй орж ирдэг. Өмчлөгчийн томилсон хүнд сэтгүүлчийг ажилд авах, халах эрх байдаг. Олон улсын сэтгүүлчдийн холбооны дүрмээр бол сэтгүүлчийг ажилд авдаг, халдаг эрх бүхий хүн Гүйцэтгэх хороонд байж болохгүй. Олон улсын сэтгүүлчдийн холбооны бүрэн эрхт гишүүнийхээ статусыг авч үлдье гэвэл ийм асуудалд анхаарах ёстой байх. Миний хувьд Сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хороонд ямар хүмүүс орсныг сайн мэдэхгүй байна. Саяын хурлаар бий болсон гүйцэтгэх хороонд ийм хүн олон тоогоор байгаа бол Олон улсын сэтгүүлчдийн холбоо энэ талаар мэдээлэл авбал манайх гишүүнчлэлээсээ шууд хасагдах эрсдэлтэй.

- Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хараат бус байлгах чиг рүү танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат байх юм бол иргэдэд үнэн мэдээлэл хүрэхгүй. Үнэнийг хэлэх амархан. Гэхдээ яг хэлчихье гэхээр олон талаас дарамт шахалт ирээд амаргүй л дээ. Тиймээс манайхаас хэрэгжүүлдэг гол гурван хөтөлбөрийн эхнийх нь хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь гэсэн хөтөлбөр. Хөтөлбөрийнхөө хүрээнд 2005 оноос хойш сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд мониторинг хийж байгаа. Жишээ нь өнгөрсөн оны хэвлэлийн эрх чөлөөний өдөр хүртэл нийтдээ 187 зөрчил бүртгэсэн. Бүрэн тоо биш л дээ. Бид зөвхөн хандсан хүмүүсээ бүртгэдэг. Энэ тоог хоёр шалтгаанаар бүрэн биш гэж үзэх үндэстэй. Заримдаа сэтгүүлчид эрх нь зөрчигдсөнөө мэддэггүй. Эсвэл мэдлээ ч дарамт ирэхээс болгоомжлоод хэлдэггүй.

- Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр багагүй алхам хийсэн байгууллагын нэг бол танайх. Энэ чигийн хуулиуд дээр ажиллаж байхад шийдвэр гаргах төвшнийхөнтэй ойлголцоход бэрхшээлтэй асуудал гардагуу?
- Эрх зүйн орчныг сайжруулах бол манай байгууллагын анхаарч ажилладаг нэг чиг л дээ. Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг лоббидоход бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Харамсалтай нь суурь шинэтгэлийн шинжтэй хуулиудыг улстөрчид баталж гаргахад хугацаа их  шаарддаг юм байна. Нэгдүгээрт ойлгохгүй байх шиг байна. Хоёрдугаарт улс төрийн хүсэл зориг байдаггүй юм шиг тал анзаарагддаг. Хоёуланд нь долоон жил зарцуулж байж эдгээр хуулийг гаргасан. Дараа нь төрийн нууцийн шинэтгэлийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлсэн. Анх Тагнуулын Ерөнхий газартай энэ чиглэлээр ажиллахад хэцүү байсан. Харин одоо тэд 1995 онд батлагдсан хуулиа өөрчлөх шаардлагатай гэдгийг ойлгосон. Бас нууц эх сурвалжаа хамгаалах чиглэлээр нэлэд олон жил ярьж байна. Одоогийн хэлэлцэгдэх гээд яригдаад байгаа шинэчилсэн найруулгын хоёр төсөлд санаа нь ерөнхийдөө суучихсан. Өөр нэг чухал зүйл бол хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрлийн асуудал редакцийн хараат бус байдалд айхтар нөлөөлдөг. Цензур байхгүй, хуулиар хориглочихсон гэж ярьдаг ч ерөнхий цензур нь өмчлөлөөр дамжин орж ирээд байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчилж байгаа хүмүүс нь өндөр албан тушаалтан, эсвэл их мөнгөтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх мэдэл, их мөнгө хоёрын дунд золиос маягтай болчихоод явж байгаа. Гэтэл муу нэр нь сэтгүүлчдээр л ирдэг. Сэтгүүлчийг худапдагдсан, ёс зүйгүй гэж ярьдаг. Тэгэхээр өмчлөл нь ил тод байх ёстой. Хоёрдугаарт төвлөрлийн асуудал байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг гарт төвлөрөх тусмаа олон ургальч үзэл улам саардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон тоогоороо нэг бүлэгт төвлөрөөд байх юм бол хараат бус байдал нь улам алдагдана гэсэн үг. Тэгэхээр үүнийг хуульчлах ёстой.

Манайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн, ямар компани үүсгэн байгуулаад байгаа нь ерөнхийдөө харагддаг. “Женко”, “Бодь” зэрэг компанийн вэб сайт руу орохоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг нь тодорхой байдаг. Гэхдээ яг хэн гэдэг хүн бэ гэдэг нь тодорхой биш. Бид энэ чиглэлээр ажилласан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн жил хоёр журам гаргасан. Нэг нь радио, телевизийн үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл, шаардлага. Нөгөөх нь цахим контентын үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл шаардпага. Тэнд ерөнхий санаа нь суусан. Гэхдээ бүрэн биш. Одоо яригдах гэж бай- гаа хоёр хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч энэ талаар нэлээд асуудал туссан.

- Хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн хоёр ч төсөл УИХ-д оччихлоо. Ямар өнгө төрхтэйгөөр батлагдах бол гэсэн сонирхол нийгэмд байна. Таны хувьд энэ хуульд ямар асуудлыг зайлшгүй тусах учиртай гэж бодож байна?
- Шинэчилсэн найруулгын хоёр төслийг харахаар адил төстэй юмнууд бий. Нууц эх сурвалжийг хамгаалах, хэвлэлийн консул, хараат бус байдлын тухай энэ тэр гээд. Нарийн гүнзгий уншвал тухайн асуудалд хандаж байгаа хандлагаас эхлээд зөрүүтэй зүйлүүд байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газар, ХЗДХЯ хоёр зөвшилцөөд хэн нэг нь төслөө өргөн барихбайх гэж найдаж байсан. Бид энэ төсөлд саналаа өгөх чиглэлээр нэлээд ажилласан л даа. Хаана нь зөрчилдөөн, үл ойлголцол байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан тус тусдаа өргөн барьчихлаа. УИХ дээр ажлын хэсэг гарч байж нэг хувилбар болгож хэлэлцэх байх. Хамгийн түрүүнд редакцийн хараат бус байдлыг батапгаажуулж өгөх ёстой. Хоёрдугаарт нууц эх сурвалжаа хамгаалахыг баталгаажуулах учиртай. Гуравдугаарт нь гүтгэсэн хэлбэрээр хүний нэр төрийг гутаах гэдэг дээр арай ялгавартай хандаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах болов уу гэж харж байна. Бид энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа. Хаана хаанаа нэг л сайн ойлгож өгөхгүй л байгаад байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулинд бол санаа нь бий. Гэхдээ Эрүүгийн хуулиас энэ заалтыг авахын тулд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй байх. Хоёрдугаарт хуульчдын ойлголтыг нэмэгдүүлж, сэтгэлгээг өөрчлөх шаардлага байгаа. Олны дунд сэтгүүлч гэхээр нэг их эрхтэй, дураараа хүн гүтгэдэг хүмүүс байдаг гэсэн ойлголт яваад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Бид сэтгүүлчдийг огт хариуцлагагүй болгох гээгүй. Хэрвээ худал ташаа мэдээлэл байгаа бол тэрийг Иргэний журмаар шийддэг болооч гэсэн гарцыг санал болгож байгаа.

- Эрүүгийн хуулиас энэ заалтыг хасахгүй бол яах вэ. Сөрөг үр дагавар талаас нь асууж байна л даа?
- Хэрвээ энэ талаар өөрчлөлт хийхгүй бол шүүмжлэлт мэдээллийн урсгалыг хаачихаж байгаа юм. Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шоронд хорьдог зүйл заалт байгаад байвал шударга шүүмжлэлийг нийгэм даяараа алга болгож байна гэсэн үг. Хүмүүс “би ингээд хэлчихвэл шоронд орчихно” гэж өөрсдийгөөцензурдээд дуугарахаа болино. Манайд авч үздэггүй нэг зүйл бий. Гүтгэлэг доромжлолын аястай мэдээлэл байлаа гэхэд хоёр зүйл өмгөөлөл болж өгдөг. Эхнийх нь зүйл бол үнэн. Сэтгүүлчийн мэдээлэлд дурдагдсан зүйлийн үнэн эсэхийг цагдаа шалгаж тогтоох ёстой. Гэтэл манай шүүх мэдээлэлд гүтгэлэгийн шинж, доромж өнгө аяс байгаа эсэхийг хэлний шинжээчдийн дүгнэлтээр шийдчихэж байна. Тэгээд тэр үндэслэлээрээ шийтгэчихдэг. Дахин онцлоход Эрүүгийн хуулийг цензур болгож ашиглаж байгаа хэргийн тоо өссөн. Хоёр дахь өмгөөлөл нь олон нийтийн бодит эрх ашигт нийцсэн гэсэн нэр томъёо. Охидын наймаа, тэр дундаа онгон охидын наймааны хэрэг олон нийтийн сонорт хүрч байх ёстой мэдээлэл мөн үү гэдэг бол гарцаагүй тавих ёстой асуудал. Шүүх тухайн хэргийг авч хэлэлцэхдээ энэ хоёр асуудлыг анхаарч байх ёстой. Манайд харин тэгдэггүй. Нэр төрөө сэргээлгэнэ гэж Эрүүгийн хууль барьж гүйгээд болж өгвөл сэтгүүлчийг нь шоронд суулгах гээд үзээд байдаг. Сүүлийн жилүүдэд яг энэ хэргээр шоронд суусан сэтгүүлч аз болоход байхгүй байна. Тэгээд торгуулиар шийтгэдэг. Торгуулийг нь сэтгүүлч бараг л цалингаасаа төлөх болдог. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ асуудлын шийдэл болохоор заалт байгаа л даа. Эндээс нэг аятайхан хувилбар гаргаж ирээд баталчихвал зүгээр. Энэ парламент хэвлэлийн эрх чөлөөг учиргүй айхтар хязгаарласан хууль гаргачихгүй болов уу гэж найдаж байна.

- Ер нь хэвлэлийн эрх чөлөөг ямар тохиолдолд хязгаарладаг вэ. Олон улсад ямар жишиг, дүрэм барьдаг юм бол?
- Засгийн газраас өргөн барьсан хуульд Хэвлэлийн эрх чөлөөг ямар тохиолдолд хязгаарлах вэ гэдэг дээр хоёр, гурван зүйл заалт бий л дээ. Жишээ нь онц байдлын буюу дайны үеэр хязгаарлана гэсэн заалт байгаа юм. Үнэхээр зохистой хязгаарлалт мөн үү гэдэг дээр анхаарах ёстой. Олон улсын жишигт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг гурван үндсэн зүйлээр л хязгаарладаг.
 Нэгдүгээрт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор.
Хоёрдугаарт нийгмийн хэв журам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор.
Гуравт нь хүний эрхэм чанарыг хамгаалах үүднээс мэдээллийг хязгаарлаж болно гэж үздэг. Гэхдээ энэ бол жирийн иргэдийн тухай яриа. Өндөр албан тушаалтан, төрийн ажилтнууд шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Олон улсын жишиг, шүүх, хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг л даа. Учир нь тэд нэгдүгээрт хүсэл зорилгоороо өндөр албан тушаалд очдог. Хоёрдугаарт амлалт авч очдог. Гуравдугаарт иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг байгууллагад ажилладаг. Тэгэхээр энэ бүлгийн эрх мэдлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хянаж байх ёстой. Энэ бүлэг хүссэн хүсээгүй олон нийтийн хараа хяналтанд байна гэсэн үг. Өндөр албан тушаалтан, төрийн ажилтнууд албан тушаалаа сонгохоосоо өмнө “миний хувийн нууцад жирийн иргэдээс илүү халдах нь зүйн хэрэг, би бол байнгын шүүмжлэлд өртөх хүмүүсийн нэг" гэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр сонголтоо хийдэг журам бусад оронд үйлчилж байгаа.

- Хуулийн шинэчилсэн төсөлд суусан байгаа ч нэг их шаардлагагүй асуудал гэвэл та юуг онцлох вэ?
- Энэ 20 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ярьж тохиролцоод хэвлэлийн консулаа байгуулах ёстой байсан. Гэтэл үүнийг төр бидний өмнөөс хийж өгөх гээд байна. Төр хийгээд өгчихвөл бид эргээд төрийнхөө аманд орно гэсэн үг. Эрх чөлөөтэй байя, хараат бус байдлаа хадгалъя гэвэл төртэй төргүй хийх ёстой. Ер нь ёс зүй болон хэвлэлийн консулын асуудлыг хуулиар зохицуулдаг эд биш. Индонези зэрэг улсад тийм байдаг л даа. Энэ нь Монголын дагавал зохих жишиг мөн үү гэдгийг бодох л ёстой.