
Сити их сургуулийн сэтгүүл зүйн IV курсийн оюутан Б.Отгонцэцэг
Эмэгтэйчүүд ээж, эхнэр гэх тодотголтой цалингүй, цаггүй гэрийн ажилд “чөдөрлүүлсээр”. Харин тэдний оролцоо улс төр, нийгмийн хүрээнд үгүйлэгдсээр. Гэтэл “Эмэгтэй хүн цаазын тавцан руу өгсөх эрхтэй байдаг шиг парламентын тавцан руу өгсөх эрхтэй байх ёстой” гэж Францын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Олиимп де Гуж нэгэнтээ хэлж байжээ. Нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл зэргээс үл хамаарч иргэн бүр улс төрд тэгш эрхтэй оролцож, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох, эсвэл өөрөө сонгогдох нь ардчиллын мөн чанар билээ.
Гэтэл манай улсын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн 6.3 хувь, эрэгтэйчүүдийн 17.9 хувь ажиллаж байна. Ардчилсан түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаагүй гэдгийг “Unread” сайтад нийтлэгдсэн “8 минутын улс төр” нийтлэлд онцолжээ. Шалтгаан нь нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой гэж хүний эрхийн судлаачид үздэг. Эмэгтэй хүн бол сайн ээж, халамжтай эхнэр байх ёстой. Тиймээс хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, гэр цэвэрлэх, хоол хийх нь зөвхөн эмэгтэй хүний үүрэгт ажил мэт ойлгож, хүлээн зөвшөөрч ирсэн. Тиймээс эрчүүд ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр амжилттай ажиллаж чаддаг. Эрчүүд нийгэмдээ ил ажиллаж, эмэгтэйчүүд гэртээ чимээгүй хөдөлмөрлөсөөр.
2020 онд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монгол улсад “Залуучуудын санал бодлын судалгаа”-г хийсэн байдаг. Тус судалгаанд оролцогчдоос сонгуульт албан тушаалд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо яагаад цөөн байгаа талаар асуухад тэдний 75% нь “эмэгтэйчүүд ар гэрийн болон хүүхдээ асрах ажлуудад дарагдсан байдаг” гэж хариулсан байна.
Түүнчлэн “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино”, “Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр”, “Эрийн хамгийн тэнэг, эмийн хамгийн цэцэн хоёр тэнцэнэ”, “Оргүйгээс охинтой нь дээр” гэх зэрэг монгол хэлц үгүүд ч бий. Эдгээр үгс нь эмэгтэй хүнийг хэт дорд үзэж, эрэгтэй хүнийг дөвийлгөсөн утгыг агуулж буйг хүний эрхийн мэргэжилтнүүд онцолдог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижилхэн алдаа гаргахад олон нийтийн хүлээж авах байдал харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Соёлын сайд Ч.Номинг тангараг өргөх үеэр “төрийн далбаандаа хүндэтгэлгүй хандлаа, түмэн олноо хүндлээд дээл өмсчхөж болсонгүй юу, инээж хөөрөөд эцэг эхдээ эрхэлж байгаа биш дээ” зэргээр ард иргэд, зарим шар мэдээний сайтууд шүүмжилж бичсэн байдаг. Харин эрэгтэй гишүүд гэмт хэрэг, хүчингийн асуудалд нэр холбогдох тохиолдол цөөнгүй гарч буйг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаж буй мэдээлэл, ХЭҮК-ийн мэдэгдлүүдээс харж болно. Гэтэл тэдний алдааг сонссон ч чихнийхээ хажуугаар чимээгүй өнгөрөөдөг. Бүр “Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз” гэж өмөөрөх хандлага иргэдийн дунд тогтсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Амжилттай яваа, ажил хэрэгч бүсгүйчүүдийг заавал хэн нэг хүний нөлөөнд өсөн дэвжсэн мэт харлуулдаг. Аль эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн, удирдах албан тушаалтантай холбож “жиг жуг” ярих нь бий. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Гэтэл түүнийг “гадаад нөхөртэй, Америкийн тагнуул, Монголын түүхэнд эмэгтэй хүн төр барьж байсан удаагүй” зэрэг доромжилсон өнгө аястай сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрсөн.
“Эмэгтэй хүн удирдахаар улс орны сүр хүч нь унах гээд байдаг юм болов уу? Тухайн хүний мэдлэг, чадвар, хийх ажил, хэрэгжүүлэх бодлого чухал болохоос биш, ерөнхийлөгчийн хувьд жендэрийн асуудал яригдах ёсгүй” хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа 2021 оны нэгдүгээр сарын 25-нд цацагдсан “Syndicate talk” нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн байдаг. Үүнээс харахад, Монголчууд удирдах албан тушаалдаа эмэгтэй хүн томилж үзээгүй, ард иргэдийн төсөөлөлд багтахгүй, хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаардлагатай байна. Ерөнхийлөгчийг заавал эрэгтэй хүнээр төсөөлж, жанжин штабын даргаар томилж, цэргийн хар туг, уул овоогоо тахих тухай бодох нь нийтлэг.
Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталж “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй” хэмээн тунхагласнаас хойш 29 жил өнгөрчээ. 1996 онд 302 нэр дэвшигчээс найм нь эмэгтэй байв. Түүнээс хойш эмэгтэй нэр дэвшигчийн тоо жилээс жилд өссөөр 2016 он гэхэд 129 эмэгтэй нэр дэвшиж, УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон юм. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, 2021 он
Монгол Улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Энэ нь эмэгтэйчүүд улс төрд оролцох хүсэл, сонирхолтой байгааг илэрхийлж байна. “Харин манай улсын сонгуулийн тухай хуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл 20 хувиас доошгүй байна гэж заасан байдаг. Үүнийг эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн ихдээ 20 хувь байх ёстой гэж буруу ойлгож ирсэн мэт эмэгтэй нэр дэвшигчдийн тоог хуульд заасан доод хэмжээнээс илүү гаргахгүй байна” гэдгийг улс төр судлаач С.Болдсайхан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” нийтлэлдээ онцолсон байдаг. Тиймээс манай УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байна. Гэтэл эмэгтэйчүүд бид Үндсэн хуульдаа заасан улс төр, нийгмийн асуудалд ижил тэгш оролцох боломжоо эдлэх бүрэн эрхтэй.
Хүн хүйсээ сонгож төрдөггүй. Тиймээс хүнийг хүйсээр ялгаварлах нь шударга ёсонд огт нийцэхгүй. Иймд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь хүн бүхний хүлээсэн ёс зүйн үүрэг юм. Эмэгтэйчүүд ээж, эхнэр гэх тодотголтой цалингүй, цаггүй гэрийн ажилд “чөдөрлүүлсээр”. Гэтэл, тэдний оролцоо улс төр, нийгмийн хүрээнд үгүйлэгдсээр...
Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

