
СУИС-РТМУС-Сэтгүүлзүйн 4-р дамжааны оюутан Т.Энхтогтох
Хүн бүр сонгож, сонгогдох эрхтэй. Хэнийг сонгох нь таны дур гээд орхих бус, харин тэргэнцэртэй иргэдийн зорчих орчинг саадгүй байлгах, мөн хараагүй сонгогчид зориулж, сонгогдогчид мөрийн хөтөлбөрөө нэмэлт брайль үсгээр гаргах нь чухал. Мөн хөдөлгөөний удаашралтай, уншиж мэдэхгүй хүмүүстээ туслах, таних төхөөрөмж гаргаж өгөх, эсвэл харгалзах хүнтэй орохыг зөвшөөрөх нь зүйн хэрэг юм. Төр засгаа түшүүлэх сонголтоо хийх гэж буй тэр иргэдийг сонгуулиас чөлөөлж болохгүй...
Хүний нүдэнд ил харагдах өндөр өндөр зар, сурталчилгааны чамин самбарууд нэр дэвшигчдийн нэр, зургаар дүүрэх нь сонгууль эхэлж буйг илтгэх юм. Хаа саагүй цэнхэр, улаан өнгийн хувцсаар ижилссэн хүмүүс нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг барьж нааш цааш алхах хүмүүсийн гарт атгуулна. Зарим нь айлын хаалга тогшиж мөрийн хөтөлбөрийг тараах үүрэг хүлээжээ.
Гудамж, талбай тойрон цагаан хоолойгоор зарим нэр дэвшигчдийн нэр цангинана. Залхаж хоцорсон иргэд саналаа хэнд өгөхөө аль хэдийнээ шийдчихсэн байх нь элбэг. Харин хаалганы завсар хавчуулсан цаасыг авсан харааны бэрхшээлтэй иргэнд зүгээр л хавтгай дөрвөлжин цаас болж баригдаж байна. Тэнд брайль үсгээр бичиж, тайлбарласан нэг ч зүйл байдаггүй нь харамсалтай. Манай улсад нийт 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 35 мянга гаруй иргэд нийслэлд амьдардаг байна.
Улаанбаатар хотын оршин суугч харааны бэрхшээлтэй иргэн Т.Эрхэстэй бид цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр “Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хүртээмжтэй байдлаар байхгүйгээс болоод ямар нэгэн мэдээлэл олж авахад асуудалтай байдаг. Би хоёр ч удаа мөрийн хөтөлбөрийнх нь файлыг авч уншиж үзсэн. Уншихад төвөгтэй юм билээ. Сонгуулиа өгөхөөр очиход зарим тохиолдолд брайль үсэгтэй саналын хуудсаа гаргаж өгөхөөс төвөгшөөх хандлага байдаг. Энэ мэт зүйлээс болоод сонгуулиа өгөхөөс татгалздаг хүмүүс эргэн тойронд минь байдаг” гэсэн юм.
Т.Эрхэс өөрөө “voice over” гэх программ ашиглаж гар утаснаасаа өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг нэгэн. Энэ нь дэлгэц дээрх текстэн мэдээллийг уншигч программ юм. Ингэхдээ Англи, Солонгос, Хятад хэлээр орчуулдаг. Компьютер дээрээ “NVDA” гэх программ ашиглаж (ажиллах зарчим нь “voice over”-той адилхан) хэрэгтэй мэдээллээ олно. Монголд түүн шиг залуус гарын арван хуруунд л багтахаар цөөхөн бий.
Гэвч бид хөгжиж дэвшиж байгаа залуу үеийнхэн ба өдөр бүр техник технологтой уралдан амьдарч байна. Бүх зүйл цахим хэлбэрт шилжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнтэй адил төвшинд мэдээлэл хүлээж авах техникийн бүрэн чадамжтай болсон нийгэм шүү дээ.
Коронавирусийн энэ цаг үед “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн групп” гэсэн хаяг бүхий фэйсбүүк группд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгууль өгөхөд хамгийн их саад учруулдаг зүйл юу байдаг вэ?” гэж асуухад доорх хариултыг өгч байлаа.
-Тэргэнцэртэй иргэний хувьд сонгуулийн байрны орох, гарах хэсэгт налуу зам, босго байх ёстой. Гэхдээ зарим нь хэтэрхий өндөр учир орж, гарахад хэцүү, төвөгтэй байдаг. Тийм болохоор заавал хүн дагуулж явдаг. Тэгж хүнд төвөг болж байхаар өгөхгүй байх нь шулуун гэж хэлсэн хүмүүс ч цөөнгүй байв.
-Бие, хөдөлгөөний онцлогоосоо хамаараад бие даан шийдвэр гаргах боломжгүй байдаг. Хамгийн гол нь хандлага шүү дээ.
-Манай хүү уншиж чадахгүй. Би хамт орж болохгүй. Тэр нь хэцүү байдаг. Уншиж чадахгүй бол сонгуулиа өгч болохгүй сонин тогтолцоотой гэсэн ч хариулт өгсөн.
Харин сонсголын бэрхшээлтэй иргэн сонгуульд саналаа өгөх боломж нь харьцангуй боломжийн гэсэн хариулт ч байсан юм. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Түртүвшин Баттулга /фэйсбүүк хаягтай иргэн/: Сонгуульд санал өгөх боломжтой байдаг шүү дээ. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй бол өөрөө ч хөтөлбөр танилцуулга гээд бүгдийг уншиж судлаад ойлгож, сонголтоо хийх боломжтой юм. Миний хувьд сонголтоо хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйн асуудлыг хөндсөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг илүүд үздэг. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд сонгуульд өөрсдийн үгээ хэлэх эрхээ эдэлж асуух юмаа асууж, нэр дэвшигчдийн хариултыг сонсож байгаа. Тэгэхдээ дохионы хэлмэрч байхгүй болохоор асуултынхаа хариултыг бүрэн авч чадахгүй, хий дуу авиа л авах юм. Хажууд суугаа хүнээрээ өөртөө хашхичин хэлүүлж байлаа. Тухайн үед сонгогдогч маань нээлттэй илэн далангүй хүн байсан” гэв. Харин өөр нэгэн иргэн “Юуг нь нуух вэ дээ. Тэргэнцэртэй хүн тээглээд зогсож байсныг харсан уу? Сонгуулийн байранд очиж саналаа өгнө гэдэг угаасаа төвөг шд” гэсэн юм. Ингэж төвөгшөөтөл нь энэ орчин /хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн орчин/ өөрчлөгдөөгүй байна.
Иймд хэн хэнд нь бүрэн дүүрэн мэдээлэл хүргэж, сонгуульд санал өгөх байрны орчин, мөрийн хөтөлбөрийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх цаг нь болжээ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж тусгаарлаж, талцацгааж байхад бусад улс жирийн иргэдтэйгээ энэ тэнцүү эрхтэйгээр нийгэмд гар бие оролцож, дуу хоолойгоо хүргэж чадаж байна. Орчин, нөхцөл бүх зүйл нь хангалттай. Хандлага нь ч өөр. Энгийн нэг жишээ бол Герман улсад тэргэнцэртэй иргэн хэний ч тусламжгүй өөрөө автобусанд сууж байна.
Иргэн бүр дор бүрнээ иргэний үүргээ ухамсарлаж, сонгуульд саналаа өгөх гэж буй энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн төвөгтэй асуудал бол орчин юм байна. Үүнээс болоод сонгуульд саналаа өгөх гэсэн зорилго мохож, саналаа өгөхгүй байх тохиолдол гарсаар байгааг дээрх иргэдийн санал, сэтгэгдлээс мэдэж авч болно. Хэрэв, эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэйгээр сонгуульд саналаа өгөх бүрэн боломжтой. Бидэнд гарц байна. Гол нь шийдвэр, төр засгийн оролцоо маш чухал. Тэд орхигдож, чөлөөлөгдсөөр байх уу?
Зураг №1: Монгол Улсад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам хэт огцом байна. Ийм тохиолдолд хүний тус хэрэг болдог байна.
Зураг №2: Холбооны Бүгд Найрамдах Герман улсад тэргэнцэртэй иргэн хэний ч тусламжгүй өөрөө автобусанд сууж байна.
Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

