Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дампуурдаггүй юм бэ?

Маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор зохиогдох энэхүү форумын зорилго нь Мэргэжлийн ёс зүйг сахих, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд зөвлөлдөх юм. Энэхүү форумыг угтаж Глоб Интернэшнл төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

Технологийн хөгжил сэтгүүл зүйд томоохон өөрчлөлтийг бий болгож байна. Маш хурдтай өрнөж буй энэхүү өөрчлөлт ирээдүйд биднийг хэн болгож хувиргах вэ. Ямар чадвартай сэтгүүлч энэ салбарт оршин тогтнох боломжтой вэ. Өнөөдрийн байдлаар тодорхой болж байгаа нэг зүйл бол сонины, телевизийн, радиогийн гээд бүхий л чадварыг нэг сэтгүүлч эзэмших, дээр нь технологийн өндөр мэдлэгтэй байх, нарийн мэдрэмжтэй байх зэрэг шаардлагуудыг орчин цагийн сэтгүүлчид тавих болжээ.Эдгээрийн зэрэгцээ аль ч салбарт таны мэргэжлийн салбартаа амьдрах хугацаагаа уртасгах нэг том шалгуур нь ЁС ЗҮЙ.

Фэйсбүүк, твиттерчид мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээллийг өгч чадахгүй

- Твиттер, фэйсбүүкчид бид сэтгүүлчдээс илүү ажиллаж байна. Ер нь сэтгүүлчдийн хэрэг байна уу гэж ярих болж. Та юу гэж бодож байна?

- Энэ зөвхөн монголын асуудал биш. Дэлхий нийтэд мэдээллийн технологи хөгжөөд, иргэн бүр сэтгүүл зүйн ажил хийх боллоо. Энэ нөхцөл байдалд сэтгүүл зүй гэж хэрэгтэй юу үгүй юу гэж ярьж байна. Сэтгүүл зүйн мэргэжилтнүүдийн хувьд иргэний сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүл зүй хоорондоо ялгаатай. Нийгмийн сүлжээ бол мэргэжлийн сэтгүүл зүйн нэг шуурхай эх сурвалж болох юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Интернэт цахим орчинд хүмүүс амьдраад эхлэхээр хүн өөрөө цахим этгээд болж хувирдаг. Мөнгөө хүртэл онлайнаар шилжүүлдэг болчихсон. Бид интернэтэд орох бүрт бидний ул мөр тэнд үлдэж байна. Наранжаргал гэх хүн ямар мэдээллийг хаанаас авдаг, ямар сайт руу түлхүү орж байна гэдгийг мөрдөхөд хамгийн энгийн. Энэ нь төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагат бэлэн өгөөш. Зарим төрийн байгууллагууд маш өндөр үнээр мөрдөн тагнах технологийг худалдан авч байгаа. Манайхан ч бас өндөр үнээр ийм технологийг худалдан авсан гэдгийг Викиликс дээр мэдээлчихсэн.

- Юуны төлөө сэтгүүл зүй байдаг юм бэ?

- Иргэний төлөө байдаг. Иргэн хүн мэдээллийг олон сувгаас авдаг болсон нөхцөлд аль мэдээлэл нь үнэн бодитой вэ гэдэг дээр дүгнэн шинжлэх чадваргүй бол ирсэн бүх мэдээллийг үнэн бодитой гэж ойлгоно. Жишээ нь, Трамп ерөнхийлөгчийн гарын үсэг зурж байгаа зургийг ашиглаад “Монголчууд америкт визгүй зорчдог боллоо” гэсэн хуурамч мэдээлэл цацагдсан. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэлтэй харьцаж сурсан, шүүмжлэлт сэтгэлгээтэй иргэн энэ мэдээллийг өөр эх сурвалжаас шалгах боломжтой. Гэтэл зарим нь шууд хуваалцчихдаг. Эсвэл тунгаан бодохгүйгээр, өөртөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр тэр мэдээллийг шууд байршуулчихдаг. Тэгвэл тэр үнэн мэдээллийг хэн өгөх ёстой юм. Энэ бол сэтгүүл зүйн үүрэг. Яагаад гэхээр, мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа хүн “миний өмнөөс яваад мэдээллийг цуглуулаад, боловсруулаад, үнэн мэдээллийг надад өгөөч” гэж бүх итгэл найдварыг сэтгүүл зүйд өгч байна. Фэйсбүүкт байгаа хүн ийм мэдээллийг өгч чадахгүй. Мэргэжлийн сэтгүүл зүй өөрийн хэм хэмжээ, стандартын хүрээнд үнэн мэдээллийг өгөх ёстой. Үнэн мэдээлэл баримт нотолгоо, эх сурвалж дээр тулгуурладаг. Ялгаа нь энэ.

- Сэтгүүл зүй үг хэлэх эрх чөлөө мөн үү?

- Биш. Сэтгүүл зүй үг хэлэх эрх чөлөөгөө түгээн дэлгэрүүлэх арга хэрэгсэлд ордог. Сэтгүүлч хүн гараад өөрийнхөө хүссэн бүхнийг хэлж байдаг зүйл сэтгүүл зүй биш.

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, ҮЗЭЖ бас СОНСОЖ болно.