“Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хоёр дахь жилийн үйл ажиллагаа эхэллээ

Глоб Интернэшнл төв “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) хөтөлбөрийн хоёр дахь жилийн үйл ажиллагааг 2025 оны 1-р сараас хэрэгжүүлж эхэллээ. Хоёр дахь жилийн хэрэгжилтийн хугацаанд Глоб Интернэшнл төвөөс хөтөлбөрийн хоёр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд олон ажлуудыг хийх болно. Үүнд: 

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар дэмжлэг өгдөг олон улсын сан, байгууллагын судалгааг хийж, Монголд аюулд өртсөн сэтгүүлчдэд эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөр боловсруулна. Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад болон сэтгэл зүйн төв, сэтгэл зүйчдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан 3-4 сэтгэл судлалын төв, сэтгэл зүйчийг сонгон хамтран ажиллана. Ингэснээр аюулд өртсөн сэтгүүлчдэд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломж бүрдүүлнэ. 

Иргэний нийгмийн чадавхыг дээшлүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхээр “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) хөтөлбөрийн бичил төслийн уралдаанд шалгарсан Ховд, Баян-Өлгий аймгийн иргэний нийгмийн найман байгууллага болон хүний эрхийг хамгаалагч хоёр иргэний нийт 10 төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтарсан арга хэмжээ зохион байгуулна. Ингэснээр тухайн орон нутгийн иргэдийн мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн эгэх хариуцлагын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх ач холбогдолтой. 

Сэтгүүлчдэд зориулсан сургалтыг 2025 оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс бидэнтэй хамтран ажиллах сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийг урьж байна. Үйл ажиллагааны талаарх мэдээллийг onon@globeinter.org, boldmaa.globe@gmail.com, nandinkhand.globe@gmail.com цахим шуудан болон 99170361, 99902582, 94321002 дугаарын утсаар авах боломжтой.

Хөтөлбөрийн эхний жилийн хүрээнд 2024 онд Глоб Интернэшнл Төв орон нутгийн иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дөрвөн сургалтын модуль боловсруулж, дөрвөн гарын авлага бэлтгэж хэвлүүлэн, 16 видео сургалтыг бүтээж, Ховд, Баян-Өлгий аймагт “Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй "Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" (MACSS) хөтөлбөр нь Монгол Улсад мэдээллийн хүртээмжийг өргөжүүлж, иргэний оролцоог идэвхжүүлэх замаар ил тод, хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд зорилготой бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээлэл болон иргэний нийгэмд тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит дэмжлэг үзүүлж, хариуцлагатай, тогтвортой иргэний нийгмийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.