Глоб Интернэйшнл Төв нь "Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" (MACSS) хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн цогц сургалтын видео хичээл, сургалтын модуль, гарын авлагыг MACSS удирдлагын систем (LMS) болон гар утасны аппликейшнд байршуулна.
Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан бөгөөд тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэгийг өргөжүүлэхэд чиглэсэн болно.
MACSS сургалтын платформ нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад илүү хүртээмжтэй, мэдээлэл авах орчин үеийн, хялбар хэрэглээтэй шийдэл болж байгаагаараа онцлог бөгөөд тэдэнд платформд байрших сургалтын модуль, материалууд, видео хичээлүүдийг үйл ажиллагаандаа үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлж байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй MACSS хөтөлбөр нь 2023-2028 оны хооронд таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх зэрэг олон талт үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
