ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ШАГНАЛ
“Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллагад олгодог. Глоб Интернэшнл төв 2009 оноос эхлэн жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.
Г. Цолмон
2019
“Өнөөдөр сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г. Цолмон Үнэний төлөө-2020 шагналын эзэн боллоо. Тэрээр 2003 оноос хойш сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд, эрэн сурвалжлах цуврал нийтлэлүүдээрээ энэхүү шагналыг хүртэх болзлыг хангасан юм.
Мэдээллийн IKON.mn веб сайт
2018
"IKON.mn" сайт 2018 онд олон нийтийн сүлжээгээр анх гарсан ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй зээл авсан талаарх баримтыг АТГ-ын цахим хуудас дахь төрийн 35,000 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тулган баталгаажуулж, Шилэн данс болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудас дахь нээлттэй мэдээллийг шүүж боловсруулах замаар 100 гаруй мэдээллийг ил болгосон байна.
У. Болортуяа
2017
Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч У.Болортуяа эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлгээрээ "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн боллоо. У.Болортуяа нь 2012 оноос хойш "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлэг бэлтгэж, "Мартагдсан амь", "Мартагдсан Д.Сүхбаатарын эрэлд", "Амьд явах тулаан", "Чимээгүй хашгираан", "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс төр нь харамласан 10 дугаар цэцэрлэгийн төсвийн мөнгө" зэрэг эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн юм.
Хэвлэлийн мэдээ (2018-05-04)
Э. Лхагва
2016
Монгол ТВ телевиз Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран "Панамын баримтууд" гэх 210,000 орчим оффшор компаниудын талаарх нууц мэдээллийг анх удаа албан ёсны эрхтэйгээр цуврал сурвалжлага бэлтгэн үзүүлсэн юм. Энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж эрэн сурвалжлах сэтгүүлч, Монгол ТВ-ийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагвад "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Хэвлэлийн мэдээ (2016-05-04)
Л. Болормаа
2015
Лунтангийн БОЛОРМАА нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Тэрээр хараат бус, бие даасан “Mongolian Mining Journal” сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг байсан бөгөөд түүний жинтэй, даацтай нийтлэлүүд уншигчдыг дагуулж байв. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан юм.
Хэвлэлийн мэдээ (2016-05-04)
Ц. Эрдэнэцэцэг
2014
"Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгийг "Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна" гарчигтай нийтлэл бичсэний төлөө нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр хоёр жилийн турш шүүх, хууль хяналтын байгууллагаар явсаны эцэст Дээд шүүх хэргийг хянаж Ц.Эрдэнэцэцэгийг цагаатгасан юм.
Хэвлэлийн мэдээ (2015-05-04)
М. Батбилэг
2013
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлэг 2011 оны 11-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд 800 орчим нэвтрүүлэг бэлтгэхдээ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх талбар болж чадсаныг үнэлэн "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгосныг нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.
Хэвлэлийн мэдээ (2014-05-01)
Г.Батхишиг, А.Амарсанаа
2012
SBN телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Батхишиг, зураглаач А.Амарсанаа нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газрууд хууль зөрчин, цаг хэтрүүлэн ажиллаж байгаа талаар сурвалжилж явахад хамгаалалтын ажилтнуудын халдлагад өртөж, зураглаач тархиндаа хүнд гэмтэл авсөн бөгөөд камерийг дахин ашиглагдахааргүй болтол эвдэлсэн байна.
Хэвлэлийн мэдээ (2015-05-04)
Т. Данаасүрэн
2011
Баянхонгор аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэнд "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олголоо. "Хонгор" телевизийнхэн олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор "Спейшл майнз" ХХК-ны холбогдох ажилтнуудаас тодруулга авахаар очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь хэл амаар доромжлон, камерыг нь булаан гэрэл, чихэвчийг нь эвдэлж, тэднийг хүйтэн гэрт хоёр цаг гаруй саатуулан, камерт байсан бичлэгийг нь устгасан байна.
Хэвлэлийн мэдээ (2015-05-04)
"Өдрийн сонин"-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн алба, Д.Болормаа
2010
"Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ" цуврал нийтлэлүүдээр нь "Өдрийн сонин"-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олонд болон хүний наймаа, насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар цуврал нийтлэл, сурвалжлага нийтлүүлсэний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжээд буй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Д.Болормаад "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов.
Хэвлэлийн мэдээ (2011-05-02)
Б. Мягмарсүрэн, Х. Намуун-Уянга
2009
Төрийн албан хаагчдын талаар шүүмжлэлт материал нийтэлсэний төлөө анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хүртэл мэргэжлийн эрхээ хамгаалан тэмцсэн Завхан аймгийн "Завхан" сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, "Өглөөний сонин"-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга нарт "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардууллаа.
Хэвлэлийн мэдээ (2010-05-03)
Анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмэр оруулсан 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд анх удаа "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгосон юм.
Хэвлэлийн мэдээ (2009-07-01)