Хоёр эмэгтэй сэтгүүлч “Үнэний төлөө” Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эздээр тодорлоо

“Глоб Интернэшнл” ТББ    дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан  Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга нарт  2009 оны “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал  олгохоор шийдвэрлэлээ.

Б.Мягмарсүрэн Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч
“Завхан” сонины 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/267 дугаарын “Захидал задлахад” буланд нийтлэгдсэн захидалд нэр дурьдагдсан   Яруу сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг 7 албан тушаалтан нэр төрөө сэргээлгэхээр  “Завхан” сониноос 9 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан юм.

Завхан аймгийн сум дундын шүүх нэхэмжлэгч нарт 9 сая төгрөг, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 000 төгрөг бүгд 9 238 000 төгрөгийг “Завхан” сониноос гаргуулах, сониноороо дамжуулан няцаалт хийхийг даалгасан шийдвэрийг  “Завхан” сонин эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.
 
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2009 оны 09-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Завхан аймгийн сум дундын шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

Дээрх хэргийг дахин хэлэлцэх явцад гомдол гаргасан албан тушаалтнууд “энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгож байна” хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг хүчингүй болгож  1 жилийн дараа  “Завхан” сонины ялалтаар өндөрлөсөн юм.  

Х.Намуун-Уянга “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга
Өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга сониныхоо 2008 оны есдүгээр сарын 11 –ний өдрийн ¹175-рт цагдаагийн дэд хурандаа, Эргүүл тусгай хамгаалалтын газрын дэд дарга Н.Баярмагнай  залилангийн хэргээр тус албанд шалгагдаж байгаа талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга Ц.Батболдын  мэдээлэлд үндэслэн  “Цагдаагийн дэд хурандаа 20 сая төгрөгийн залилан хийжээ” гэсэн гарчигтай мэдээлжээ.

Баянзүрх дүүргийн шүүх Н.Баярмагнайгийн  нэр төрд халдсан гэж үзэн 2 сая төгрөг гаргуулах, сониноороо дамжуулан няцаалт хийхийг даалгасан шийдвэрийг зөвшөөрөөгүй сэтгүүлч Х.Намуун-Уянга Давж заалдах шатны шүүхэд хандсан ч Нийслэлийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Сэтгүүлч Х.Намуун-Уянга дээрх шийдвэрийг эс  зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хандах үед Н.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэрэг дахин сэргээгдэн шалгагдаж байсан  ч  Улсын Дээд шүүх Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   Х.Намуун-Уянга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176  дүгээр зүйлийг үндэслэн Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэрт  хандан гомдол гаргаад байна.

“Глоб Интернэшнл” ТББ  2009 оноос эхлэн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгож байхаар шийдвэрлэж 2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад  халдлагад өртөн гэмтэж бэртсэн 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд анх удаа  олгосон юм.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнийг тодруулж байх юм.

Анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов