Европын Холбооны Элчин Сайд Ина Марчюлёните - Нээлтийн үг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2026- Нээлтийн үг

“Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөө хэвлэлийн эрх чөлөөг дэмжих нь”

Глоб Интернэшнл Төвийн эрхэм дарга аа,

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын хүндэт төлөөлөгчид өө,

Олон улсын байгууллагуудын хамт олон оо,

Хүндэт илтгэгчид, панелийн оролцогчид оо,

Хатагтай, ноёд оо,

Өнөөдөр бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн, ардчиллын суурь багана болох чөлөөт, хараат бус, олон ургалч хэвлэлийн ач холбогдлыг дахин бататгах энэ мөчид хамтдаа байгаадаа баяртай байна. Энэ нь иргэдийг мэдээлэлтэй байлгах, ардчилсан институтүүдийн үйл ажиллагааг дэмжих олон талт үзэл бодлыг солилцох үнэт боломж юм.

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг хэлэлцэхээр биднийг нэгтгэсэн Глоб Интернэшнл Төв болон хамтран ажиллагч бүх талуудад талархал илэрхийлье. Энэ жилийн сэдэв Монгол Улсад онцгой ач холбогдолтой. 1990 оны Монголын ардчилсан хувьсгалаас хойш засаглалыг бэхжүүлэхэд томоохон ахиц гаргасан Монгол Улс нь бүс нутагтаа хэвлэлийн эрх чөлөөний тод жишээ болж байна.

Хараат бус, олон ургалч хэвлэл нь зөвхөн ардчиллын суурь болох төдийгүй аюулгүй байдлын үндэс юм. Найдвартай мэдээлэлд хандах боломж нь нийгмийн дархлааг бэхжүүлж, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж, иргэдийг зөв шийдвэр гаргахад тусалдаг. Хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь Европын Холбооны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсаар ирсэн.

Хэвлэлийн эрх чөлөө буурах үед итгэл алдагдаж, энэ нь тогтворгүй байдал, гадаад нөлөөлөл, манипуляцид хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Европын Холбоо нь гуравдагч орнуудын хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, зах зээлийн төвлөрлийг бууруулах арга хэмжээг дэмжсээр байна. Сэтгүүлчид эдийн засгийн дарамт шахалтаас хамгаалагдах ёстой хэн ч амьжиргаагаа залгуулах эсвэл өөрийгөө хамгаалах гэсэн сонголтын өмнө тулгарах ёсгүй. Мөн гадаадын нөлөөлөл, олон нийтийн дипломат ажиллагааны нэрийн дор бодит байдлыг нуух оролдлогоос хамгаалагдах шаардлагатай.

ODIHR-ийн Сонгуулийн ажиглалтын багийн дүгнэлтүүд нь мөн бүтцийн шинжтэй асуудлууд байгааг харуулж байна: улс төрийн хамаарал, эдийн засгийн дарамт нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг сулруулсаар байна. Үүний зэрэгцээ бид шинээр гарч ирж буй зохицуулалтын эрсдэлүүдэд анхааралтай хандах хэрэгтэй. 

Ташаа мэдээлэлтэй тэмцэх нэрийн дор төрөөс хэт их хяналт тогтоох, сэтгүүлчдийг хязгаарлах, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг сулруулах ёсгүй. Аюулгүй байдал болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эсрэгцэх бус, харин бие биеэ холбоо хамааралтай байх хэрэгтэй. Хяналтын нэрийн дор үндсэн эрх чөлөөг хязгаарлах нь эцсийн дүндээ ардчилал болон урт хугацааны тогтвортой байдлыг сулруулдаг.

Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд үзүүлэх дарамт бодитой болсон бөгөөд Монгол Улсад ч энэ нь илэрхий байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа Улаанбаатараас гадна, үйл ажиллагаагаа зогсоож байна. Олон редакц цөөн ажилтантайгаар ажиллаж байна. Санхүүгийн хүндрэл нь редакцын хараат бус байдлыг сулруулж, сэтгүүлчид, блогчид, иргэний нийгмийн төлөөлөгчид айлган сүрдүүлэг, дарамтад дахин өртөх тохиолдол нэмэгдэж байна. Эдгээр нь тусдаа үзэгдэл биш, харин үг хэлэх эрх чөлөө хумигдаж буйг илтгэж байна.

Төр засаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүчирхийллээс хамгаалах, тэднийг айдас, дарамт шахалтгүйгээр хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ нь блогчдод мөн адил хамаарна. Иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлснээр дахин нэмэгдэж байна.

Мөн мэдээлэгчийг хамгаалах тухай хууль батлагдахгүй удааширч буй нь ноцтой асуудал хэвээр байна. Энэхүү хуулийн төсөл олон жилийн турш хэлэлцэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. УИХ-ын энэ удаагийн чуулганаар батлагдвал ил тод байдлыг нэмэгдүүлж, авлигын эсрэг үйл ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсыг олон улсын сайн туршлагатай нийцүүлэх ач холбогдолтой.

Мөн 2023 оны хүний эрхийг цахим орчинд хамгаалах тухай хуулийн төсөлтэй төстэй, олон нийтийн сүлжээг зохицуулах хязгаарлагдмал шинжтэй санаачилга гарч болзошгүй талаар бид сонссоор байна. Ийм арга хэмжээ нь төрийн хяналтыг нэмэгдүүлж, сэтгүүлчид болон блогчдод сөргөөр нөлөөлөх, Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгохыг санал болгосон гүтгэлгийн зохицуулалтыг дахин нэвтрүүлэх эрсдэлтэй. 

Өнөөдөр онцлон дурдсанчлан, эрх зүйн орчныг бэхжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь урагшлах гол алхмууд юм.

Эцсийн дүгнэлтэд нэг санаа хэлэхэд:

Чөлөөт, хараат бус хэвлэлгүйгээр энх тайван, аюулгүй Монгол Улс оршин тогтнох боломжгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэдэг нь ардчиллыг хамгаална гэсэн үг мөн бидний хамтын ирээдүйг хамгаална гэсэн үг юм.

Баярлалаа.