Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв.
Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Илүү сайхан ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент” нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.
“Монгол коммент” нэвтрүүлэг 2011 оны 11-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд 800 орчим нэвтрүүлэг бэлтгэхдээ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх талбар болж чадсаныг үнэлэн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгосон юм.
Глоб Интернэшнл төв 2009 оноос эхлэн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгож байхаар шийдвэрлэж 2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын байрны гадна хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад халдлагад өртөн гэмтэж бэртсэн 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд анх удаа олгосон юм.
Глоб Интернэшнл төв жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнийг тодруулж байна.