ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Глоб Интернэшнл төв нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хамгаалах, хангах чиглэлээр хуульчид, хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалтыг хамтран зохион байгуулж, сургагч багшаар ажиллалаа.


ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа.

Төслийг Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.


Сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл оролцов. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар сургалтыг нээж, эрх зүйн орчин, мэргэжлийн ёс зүй, байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.


Сургалтад олон улсын эксперт, Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел урилгаар оролцож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн олон улсын стандарт, хууль эрх зүйн зохицуулалтын талаар туршлагаасаа хуваалцав. Тоби Мендел нь олон улс орны эдгээр эрхийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилласан арвин туршлагатай эксперт юм.


Сургалтаар хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, мэдээлэл авах эрх, төрийн байгууллагын үүрэг хариуцлага, хууль сахиулах болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах асуудлыг олон улсын стандарт, үндэсний практиктай харьцуулан хэлэлцэв.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг танилцуулав.


Сургалтын хүрээнд Глоб Интернэшнл төвөөс боловсруулсан Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмын загвар-ыг танилцуулж, зорилго, бүтэц, үйл ажиллагааны зарчим, холбогдох байгууллагуудын оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг механизм нь сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, үнэлэх, шаардлагатай хамгаалалт, дэмжлэгт холбох, холбогдох байгууллагуудын хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чиглэнэ. Энэ нь цагдаа, прокурор, шүүх зэрэг байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг орлох бус, харин хамтын ажиллагааг нь бэхжүүлэх зорилготой юм.


Сургалтыг Тоби Мендел, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Б.Болормаа, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Глоб Интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, хуульч Б.Пүрэвсүрэн нар удирдан явууллаа.


Сургалтын төгсгөлд оролцогчид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг үндэсний практикт хэрэгжүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.

Глоб Интернэшнл төв нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг бодитой хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизмыг хөгжүүлэхэд төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, хуульчид болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.