“Глоб Интернэшнл Төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал

Нээлтийн үг

Европын Холбооны Элчин сайд хатагтай Ина Марчюлёните

Бээжин дэх ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын Мэдээлэл харилцаа, мэдээллийн Үндэсний мэргэжилтэн хатагтай Чинъи Зэнг

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Нарийн бичгийн дарга Б.Чинүхэй

 Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая! 

Мөн өнөөдөр бидэнд онлайнаар мэндчилгээ дэвшүүлж буй Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын захирал, профессор ноён Шахбаз Хан нарт гүн талархал илэрхийлье!

Үзэл бодлоо илэрхийлэх үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс та бүхнийг энэ өдөр бидэнтэй хамт байгаад баярлалаа. 

Энэ жил дэлхий даяар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Энх тайванч ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө” сэдэв дор тэмдэглэнэ. 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг (WPFD) жил бүрийн 5-р сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний зарчмуудыг хамгаалах, дэлхий дахины хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг үнэлэх, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах зорилгоор тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд энэ өдрийг тунхаглаж, 1994 оноос хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүл зүйн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр тэмдэглэж ирсэн билээ.

Манай улсын хувьд, МЧАСЭ-ийн санаачилгаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран тэмдэглэж эхлээд 30 шахам жил болж байна.  Өнөөдрийн бидний бага хурлыг дэмжиж буй ЮНЕСКО-гийн Үзэл бодлоо илэрхийлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлын олон талт ивээн тэтгэгчийн хөтөлбөр (MDP) багт бас талархая. 

Олон улсад энэ жил үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дахин бататгахын тулд “ Энх тайванч ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор мэдээллийн нийгмийн ирээдүйг хөхиүлэн  зорилгоор ДХЭЧ-ний өдөрт зориулан тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Замби улсын Лусака хотод RightsCon 2026-тай хамтруулан дэлхийн бага хурал зохион байгуулна. Сэтгүүл зүй, технологи, иргэний орон зай, хүний эрх хоорондын холбоо, хил хязгаар өргөжин тэлж буй энэ цаг үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч, цахим эрхийг дэмжигчид  хамтран чуулах юм. 

Энэ жил бид Монгол Улсын хөгжлийн зайлшгүй чухал суурь болохынх нь хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг  бататгах зорилгоор тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн эрх зүйн таатай орчныг дэмжихэд нөлөөлөх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд олон талт оролцогчдын хамтын хандлага, хүсэл зорилго бүхий хамтын ажиллагааг практик дээр хөхиүлэн дэмжих зорилт дэвшүүлэн өнөөдрийн энэ бага хурлыг зохион байгуулж байна. 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь иргэдийн үзэл бодлоо баримтлах, мэдээлэлтэй байх эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ.  Чөлөөт, хараат бус, олон ургалч, ёс зүйт ардчилсан хэвлэл мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчилж, иргэдийг нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлын тухай мэдээллээр хангах, төр, иргэний мэтгэлцээний талбар байх, иргэдийг төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг  хөхиүлэн дэмждэг. 

Өнөөдөр бид сэтгүүлчдийн өмнө тулгарч буй зарим асуудлыг онцлон хэлэлцэж, санал бодлоо солилцохоор төлөвлөсөн. Тухайлбал: 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сайжруулах хэрэгцээ, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж буй зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч харамсалтай нь өнөө хэр хэлэлцээгүй байна. 

НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах зохицуулалт бий болгох зөвлөмж өгсөн хэдий ч өнөө хэр биелэлээ олоогүй байна.  Эргүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” хэмээх 13.14-р зүйлийг Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт гарсан ч  хэрэгжилтийн үр дүн өнөө хэр тодорхойгүй.

Хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хөхиүлэн дэмжих нь мөн л манай улсын олон улсын хамтын нийгмлэгийн өмнө хүлээсэн үүргийн нэг боловч хүйн хэвлэл мэдээллийг бодлого, зохицуулалтын хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй л байна. Хүйн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт бий болгохыг хүссэн захидлыг 2021 онд ХЭҮК-оос Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д илгээсэн билээ. Харамсалтай нь, өнөө хүртэл аливаа ахиц дэвшил гарсангүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах Ажлын хэсэг тухайн үеийн ЦХХХЯ-нд байгуулагдсан ч зогсонги байдалд байна. Үүний зэрэгцээ Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төрийн бодлого боловсруулж, батлахыг Засгийн газар, хууль тогтоогчдод хандан уриалж байна. 

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, халдлагын тоо жилээс жилд нэмэгдэж,  айдас хүйдэсгүйгээр мэргэжлийн үүргээ биелүүлэх орчин таатай бус байгаа нь гашуун үнэн юм. “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгуулагын  Хэвлэлийн эх чөлөөний индексээр Монгол Улс жилээс жилд ухарсаар байна. 

Ардчилсан, хараат бус хэвлэл мэдээлэл хүний  эрх юм. ИБУТЭОУП-ын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19-р зүйлийн 34 тоот Тайлбарт “ Хүний өв тэгш хөгжлийн зайлшгүй нөхцөл нь үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Эдгээр нь аль ч нийгмийн язгуур мөн чанар бөгөөд аливаа чөлөөт, ардчилсан нийгмийн тулгын чулуу мөн” хэмээснийг өнөөдөр цохон тэмдэглэмээр байна.  

Пактыг Монгол Улс 1974 онд соёрхон баталсан. “Алсын хараа -2050 “ урт хугацааны хөгжлийн бодлого, 2024-2028 оны Засгийн Газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжихээр манай төр бодлогоо тодорхойлсон ч иргэд, төрийн ажилтнуудын энэ тухай мэдээлэл хангалтгүй байна. 

2021 онд шинэчлэн найруулж баталсан “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр өгөөж муу, сэтгүүлчид төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хүндрэлтэй хэвээр байна. Ялангуяа өнөөдөр үйлчилж буй “Төрийн ба албаны хууцын тухай хууль”-ийн хатуу хязгаарлалтууд иргэд, сэтгүүлчдэд саад учруулсаар байна. Энэ хуулийг өөрчлөх тухай одоо өрнөж буй улс төрчдийн яриа, хэлэлцүүлгээс үр дүн гарна гэдэгт найдаж байна. 

Монгол Улс иргэнээ дээдэлдэг ардчилсан улсын хувьд хуулиудаа эргэн харж, хатуу чанга хязгаарлалтуудаа олон улсын эрх зүйн стандартад нийцүүлэн өөрчилнө гэдэгт итгэж байна. 

Олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдэнд үнэнийг хэлэх эрхэм зорилготой чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь жил бүрийн ДХЭЧ-ний ёслолын анхаарлын төвд байдаг.  Үнэнийг хэлэх амаргүй..  Мэргэжлийн эр зориг шаардсан энэ ажлыг хийдэг эрхлэгч сэтгүүлчид байнгын эрсдэл тээж явдаг. 

2025 оны 12-р сарын 31-ний байдлаар 128 сэтгүүлч амь эрсэдсэн тухай гашуудалтай мэдээллийг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” (Committee to Protect Journalists) олон улсын байгууллага зарласан юм. Тэдний мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сард энэ тоо 18 хүрчээ. 

Бүгдээрээ босож, тэдгээр сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе!

Эцэст нь, энэ бага хурлыг дэмжиж буй, хамтран зохион байгуулж буй байгууллага, хүмүүст дахин талархлаа илэрхийлье!  Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн ирсэн оролцогч, илтгэгч Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье! 

ДХЭЧ-ний өдөрт зориулсан өнөөдрийн бага хурал нээснийг мэдэгдэж, амжилт хүсэж байна.


Глоб интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал