
Мэдээлэл гэдэг нь зүгээр нэг тоо баримт, статистик биш. Хүн өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, өмч хөрөнгө, боловсрол гээд амьдралын олон асуудалд шийдвэр гаргахдаа үнэн зөв, цаг үеэ олсон мэдээлэлд түшиглэх шаардлагатай тулгардаг. Жишээлбэл, төрийн байгууллага юу хийдэг, төсвийн мөнгө хаашаа зарцуулагдаж байгаа, ямар шийдвэрийг хэн, хэрхэн гаргасан гээд нийтийн өмчийн асуудлаар ч иргэн бүр мэдэх эрхтэй юм. Иймд мэдээлэл авах эрхийг төрийн байгууллагаас өгдөг үйлчилгээ гэж үзэх бус, иргэн бүрийн үндсэн эрх гэж харах нь чухал.
Өдгөө энэхүү эрхийг дэлхий нийтээр улам бүр хүлээн зөвшөөрч байна. ЮНЕСКО-гийн 2025 оны мэдээллээр 141 улсад мэдээлэл авах эрхийг албан ёсоор хуульчилсан байна. 2020 онд 127 улс байсан бол даруй 14 орноор нэмэгдсэн гэж хэлж болно. 2025 онд 123 улс мэдээлэл авах эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийн судалгаанд оролцсоноос Монгол Улс үүнд хамрагджээ.
2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь түүхэн үүргээ 10 жилийн хугацаанд гүйцэтгэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд халаагаа өгөв. Учир юу гэвэл, Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахаас гадна төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт бий болгох эрх зүйн үндсийг тогтоосон юм.
Өөрөөр хэлбэл, мэдээллийг хэрхэн нээлттэй болгосон тухайд биш цахимаар хэр хүртээмжтэй байж, мэдээлэл хүсэхэд төрийн байгууллага хэрхэн хариулж, татгалзаж буй зэрэг илүү нарийн асуудлуудыг ярих цаг нэгэнт болжээ.
Хууль байхаас гадна хэрэгждэг байх ёстой
Мэдээлэл авах эрхийн тухай хуультай байна гэдэг нь өөрөө хангалттай биш. Одоогийн хуулиар нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан. Төрийн байгууллагын стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, үйлчилгээ болон бусад олон төрлийн мэдээллийг ил тод байлгах зохицуулалтыг бий болгосон. Үндсэндээ замын хөдөлгөөний гэрлэн дохиотой адилхан зохицуулалттай болсон гэсэн үг. Энэхүү хуулийн хүрээнд 67 төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгах зохицуулалт орсон. Үүнд газар, хот төлөвлөлт, тусгай зөвшөөрөл, төсөв, төрийн өмч, улс төрийн намын зарим мэдээлэл, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч зэрэг нийтийн ашиг сонирхолтой холбогдох олон мэдээллүүд багтсан.
Гэхдээ хуульд нээлттэй гэж бичсэн мэдээлэл иргэнд олж ашиглахад төвөгтэй, хайхад хүндрэлтэй, дутуу дулимаг, эсхүл хуучирсан, ойлгомжгүй байх аваас мэдээллийг бүрэн гүйцэт өгсөн гэж үзэхгүй. Энгийнээр тайлбарлавал, амьдралд бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг. Ил тод байдал гэдэг нь мэдээллийг хаа нэг газар байршуулсан байхыг бус, иргэн тухайн мэдээллийг олж, ашиглаж чадаж байхыг хэлнэ.
Тоон шилжилт ил тод байдлыг нэмэгдүүлэх үү, эсвэл шинээр саад бий болгох уу?
Сүүлийн жилүүдэд мэдээлэл авах эрхийн гол талбар гэж хэлж болох цахим орчин руу хурдтайгаар шилжиж байна. Монгол Улсад shilen.gov.mn систем ажиллаж, төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллийг нэг дороос хайх, байгууллагуудын ил тод байдлыг үнэлэх боломж бий болсон. Тус системийн мэдээллээр 2026 оны байдлаар нийт 985 мянга гаруй хандалт, 119 мянга гаруй мэдээлэл бүртгэгдсэн байна.
2026 онд Засгийн газраас Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам болон нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг шинэчлэн баталсан.
Гэвч цахим системтэй болсон нь өөрөө мэдээллийн хүртээмжийг баталгаажуулж буй хэрэг биш. Иргэн мэдээллийг хэдхэн товшилтоор олж чадаж байна уу? Мэдээлэл нь бүрэн эсэх, Хугацаандаа шинэчлэгдсэн үү? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглаж чадах уу? /баррел үсэг, харааны сул чадвартай иргэдийн жишээн дээр/ Мэдээлэл хоорондоо холбогдон дахин ашиглагдаж болох уу? Эдгээр асуултууд өнөөдрийн мэдээллийн хүртээмжийн чанарыг тодорхойлно.
IRIM-ийн судалгаагаар 2024 онд 69.0 оноо буюу хангалттай түвшинд байсан индекс 2025 онд 45.0 оноо болж, хангалтгүй түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь нэг талаас бид ил тод байдлыг зөвхөн мэдээлэл байршуулсан эсэхээр хэмжих биш, иргэн бодитоор мэдээлэл авч чадсан эсэхийг хэмжих шаардлагатай болсныг харуулж байна.
Олон улсын үнэлгээнд Монгол Улс хаана байна вэ?
Хууль ба ардчиллын төв нь 2011 оноос хойш дэлхийн улс орнуудын мэдээлэл авах эрхийн хуулийг 61 үзүүлэлтээр үнэлсэн мэдэх эрхийн индексийг тогтмол шинэчилж, нийтэлдэг. Тус байгууллага нь улс орнуудын мэдээлэл авах эрхийн хуулийн чанар, эрх зүйн орчныг үнэлдэг индекстэй. Энэхүү индекс нь тухайн улсын иргэд мэдээлэлд хэр зэрэг нээлттэй, хүртээмжтэй хандах эрхтэй байгааг 7 үндсэн чиглэлд хуваан, нийт 61 үзүүлэлтээр оноо өгч, дүн гаргадаг.
Монгол Улсын хувьд тус индексийн үзүүлэлтээр 80-87 оноо авч, хангалттай гэх ангилалд багтаж байна. Одоогийн байдлаар 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд үндэслэн уг индексийг тодорхойлж байна.
Монгол Улсын хувьд оноо алддаг хүчин зүйлүүдэд, нийтийн эрх ашгийн шалгуур (Public Interest Test)-ыг хуульдаа тусгаагүй, мэдээллийг нууцлах үндэслэлүүд өргөн хүрээтэй, мэдээллийг өгөөгүй тохиолдолд албан тушаалтан, байгууллагад хариуцлага оногдуулах арга хэмжээ сул зэрэг байгааг дурдсан байна.
Хууль эрх зүйн орчин сайн байх нь мэдээлэл бодитоор хүртээмжтэй байна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хуульд баталгаажуулсан боловч амьдралд хэр нийцэж, хэрэгжиж буй нь тусдаа зүйл юм. Иймд Монгол Улсад хэрэгтэй дараагийн шат буюу 2.0 гэж хэлж болох шинэчлэл нь аль нэг мэдээллийг нээлттэй байлгах тухайд биш иргэн хүссэн мэдээллээ эцсийн байдлаар авч чадаж байгаа эсэхэд чиглэх шаардлагатай болжээ.
Нууцлал ба нийтийн ашиг сонирхол
Мэдээллийн ил тод байдал гэдэг нь бүх мэдээллийг харилцан адилгүйгээр ганц хуулийн хүрээнд нийтэд ил тод байлгана гэсэн үг биш. Мэдээж улс оршин буйн хувьд НҮБ-ын 193 улс бүгд төрийн нууцтай байх нь мэдээжийн асуудал.
Хүний хувийн мэдээлэл, үндэсний аюулгүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульд тусгайлан хамгаалбал зохих асуудлаар мэдээлэлд хязгаарлалт тогтоож болно. ЮНЕСКО-гийн 2025 оны судалгаагаар мэдээлэл авах эрхийн хууль тогтоомжид үндэсний аюулгүй байдал болон хувийн нууцыг нэн тэргүүнд хамгаалагдах ёстой хязгаарлалтын үндэслэлүүдэд нэрлэж иржээ.
Гэхдээ нууц гэдэг халхавчин дор төрийн байгууллага хүссэн бүх мэдээллээ олон нийтээс нуух шалтгаан байж болохгүй.
Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох, ангилах, нууцын хугацаа болон нууцаас гаргах үндэслэлийг зохицуулсан. Төрийн болон албаны нууцыг байгууллага, эрх бүхий албан тушаалтан дур мэдэн тогтоож болохгүй. Мөн нууцын хугацаа дуусах, нууцтай холбоотой цаг үе, нөхцөл өөрчлөгдөх, мэдээллийг үндэслэлгүй нууцалсан нь тогтоогдох зэрэг тохиолдолд нууцаас гаргах зохицуулалт бий.
Бие даасан хяналтын механизм шаардлагатай хэвээр
Судлаачийн хувьд 2019, 2026 онуудад хийсэн судалгаан дээрээ тулгуурлаж дэвшүүлж байсан санал ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа санагддаг. Тухайлбал, мэдээлэл авах эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн, үр нөлөөтэй хяналт хэрэгтэй байна. Олон улсын туршлагаас харахад мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг зөвхөн мэдээлэл хариуцагч байгууллага өөрөө үнэлэх нь хангалтгүй юм. ЮНЕСКО-гийн үзэж буйгаар мэдээлэл авах эрхийн үр нөлөөтэй хэрэгжилтийн чухал бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах механизмыг тусгайлан авч үздэг.
Монгол Улсад одоо цахим ил тод байдлын үнэлгээ, “Шилэн” систем, байгууллагын дотоод хяналт, Хүний эрхийн Үндэсний Комисс, захиргааны хэргийн шүүх зэрэг олон механизм зэрэгцэн ажиллаж байна. Гэхдээ эдгээр механизмууд нь мэдээлэл авах хүсэлтээ гаргахаас эхлээд мэдээллээ эцэслэн авах хүртэлх олон үе шатад анхаарах шаардлагатай хэвээр байна. Иргэн эрхээ эдлэхийн тулд олон байгууллагын хаалга тогшиж, шат дамжлага бүрээр явах нь өөрөө маш их хүндрэлийг дагуулдаг.
Иймд мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг хариуцсан бие даасан нэгж буюу мэдээллийн комиссарыг ажиллуулах боломжийг нухацтайгаар авч үзэх нь зүйтэй хэвээр байна.
Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр нь зөвхөн төрийн байгууллагуудад илүү их мэдээлэл нийтлэхийг сануулах өдөр биш ээ. Иргэн мэдэх эрхтэй, төрийн зүгээс тайлбарлах үүрэгтэй агаад нийтийн мэдээлэл бол бидний өмч гэдгийг дахин сануулах тухай асуудал юм.
Эцэст нь хэлэхэд, мэдээлэлгүй нийгэмд айдас, цуурхал, үл итгэлцэл орон зайгаа тэлдэг нь жам юм. Иймд мэдэх эрх гэдэг нь зөвхөн мэдээллийн тухай ойлголт бус хүний амьдралаа өөрөө удирдах, төрөө хянах, ирээдүйдээ итгэх итгэлийн нэгээхэн хэсэг билээ.