Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-2026-г угтан “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгууллаа.Уг хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгийн нээлтэд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, “Глоб интернэшнл” төвийн ТУЗ-ын дарга Х.Наранжаргал нар оролцож үг хэллээ.



НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Хан нар видео мэндчилгээ ирүүллээ.

ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Ханы мэндчилгээнд “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Энх тайван ирээдүйг бүтээх нь” хэмээх энэ жилийн сэдэв нь тодорхой утга санааг агуулж байна. Үнэнгүйгээр энх тайвныг цогцлоох боломжгүй. Чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгүйгээр үнэн оршихгүй. Сэтгүүлчид дарамт шахалт, айдас дор, хамгаалалтгүй ажиллаж байгаа цагт олон нийтийн итгэл тогтвортой байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын асуудал биш. Энэ нь ардчилсан нийгмийн тулгуур суурь юм” гэж онцоллоо.



Энэ үеэр “ЮНЕСКО-гийн 2022/2025 оны Дэлхийн чиг хандлагын ‘Сэтгүүл зүй: Энх тайван ертөнцийг бүтээх нь” тайлан, Сэтгүүлчдийн аюулгүй байдал, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж буй асуудал, нөхцөл байдлын судалгааг танилцууллаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйд анхаарлаа хандуулахыг уриалж, Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө, Олон нийтийн мэдэх эрх ба нийтийн албан тушаалтны мэдээлэл өгөх үүрэг зэрэг сэдвээр хэлэлцлээ. “Глоб интернэшнл” төвийн “Үнэний төлөө-2025” шагналыг “Ийгл” телевизийн тоймч Ганбаатарын Улсболдод гардууллаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс хууль тогтоогчдод зориулсан мэдэгдлийн төслийг танилцууллаа.






