ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2021
“Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” сэдвийн дор тэмдэглэх 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-өөр нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх үүрэг бүхий мэдээллийн ач холбогдлыг дэлхий нийтээрээ онцлох бөгөөд энэ нь бүх улс оронд тулгамдаж бyй сэдэв юм. Энэ жилийн ДХЭЧӨ нь хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмын талаарх Виндхукийн Тунхаглал батлагдсаны 30 жилийн ойтой давхцаж байна.
Хүн бүрийн эрүүл мэнд, хүний эрх, ардчилал, тогтвортой хөгжилд хурдацтай өөрчлөгдөх мэдээлэл, харилцаа холбооны систем асар ихээр нөлөөлж байна. ДХЭЧӨ-өөр онлайн хэвлэл мэдээллийн орчин дахь мэдээллийн гүйцэтгэх чухал үүргийг онцолж, дараах гурван гол асуудалд төвлөрнө. Үүнд:
1. Мэдээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эдийн засгийн оршин тогтнох баталгааг хангах арга зам;
2. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн ил тод байдлыг хангах механизм;
3. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чанарыг дээшлүүлэх.
ЮНЕСКО-оос 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан гаргасан үзэл баримтлалын баримт бичигт “мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” хэмээх ухагдахууныг тайлбарлан таниулахдаа, мэдээлэл болоод мэдээлэл, харилцаа холбооны бусад контент, тухайлбал, хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэг, зугаа цэнгэл, өгөгдөл зэрэг контентын хоорондын ялгааг онцлон тэмдэглэсэн. Ингэх нь нийтийн ашиг сонирхлын төлөөх үнэн бодит, баталгаат мэдээ боловсруулахад сэтгүүл зүйн гүйцэтгэх онцгой үүргийг тодотгох, мэдээллийг нийтийн сайн сайхны төлөө байх боломжоор хангаж буй экосистемээс энэ бүхэн хэрхэн хамааралтай гэдэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Глоб Интернэшнл төв болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 14:00-16:30 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар цахим хэлэлцүүлгийг нээж үг хэлнэ. Мөн Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал уг тэмдэглэлт өдөрт зориулж тулга үг хэлнэ.
Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гурван үндсэн асуудлын хүрээнд, Глоб Интернэшнл төвийн Мэдээлэл, харилцааны менежер Ц.Лхагвасүрэн “Хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйн баталгааг хангаж, мэдээлэл боловсруулах, түгээх үйл явц дахь түүний үүргийг бэхжүүлэх нь”, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байхын амин чухал тулгуур болсон онлайн талбар дахь ил тод байдлыг баталгаажуулах нь”, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэгийн үе дэх хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чадавхыг дээшлүүлэх нь” сэдвээр тус тус илтгэнэ.
Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн Монгол улсад 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал ямар хэмжээнд байсан талаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тохиолдлууд, нэр төр гутаасан гэх иргэний болон эрүүгийн хэргийн тоо баримтад тулгуурлан танилцуулна. Уг мэдээллийг бүрэн хэмжээгээр ГИТ-өөс эрхлэн гаргаж, 5 дугаар сарын 3-ны өдөр олон нийтэд түгээх 2020 оны “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан”-аас үзэх боломжтой.
Цахим хэлэлцүүлгийн үеэр “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулна. Глоб Интернэшнл төв 2009 оноос хойш уг шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргасан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад олгож байна.
Цахим хэлэлцүүлэгт Zoom-ээр бүртгүүлэн оролцохоос гадна, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Глоб Интернэшнл төвийн нийгмийн сүлжээний хуудсаар шууд дамжуулна.