Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал Танаа
“Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний сонины дугаартаа “Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна” гарчигтай нийтлэл бичжээ.

Та уг нийтлэлээс улбаалан нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан юм байна.

Та иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой.

Эрүүгийн хуулийн зүйл заалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа Таны энэ үйлдэл “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох” “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3-р зүйл, сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх тухай Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж байна.

Олон улсын жишгээр төрийн албан хаагч бол олон нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмхий бүлэгт багтдаг. Олон нийт тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Сэтгүүлч хүн олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нийгэмд буй аливаа бугшмал, буруутай, хууль бус, зохисгүй үйлдлүүдийг ил гарган, үнэнийг мэдэх эрхэд үйлчилж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс юм.

Манай оронд нийгэмд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд сэтгүүлчийг шүүмжлэлт нийтлэл бичсэнийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг нэмэгдэж буй нь эрүүл саруул нийгэм төлөвшихөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн “хоточ нохой” байх үүргээ биелүүлэхэд нь ноцтой саад тотгор учруулж, цензурыг өөгшүүлээд зогсохгүй, иргэдийн үнэнийг олж мэдэх эрхийг хөсөрдүүлж байна.  
 
2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг. Энэ уриалгыг олон орон хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хасч, зарим орон гүтгэлгийн хэргээр хорих ялаас татгалзаад байна.

Таныг сэтгүүлчийн эсрэг үүсгэсэн Эрүүгийн хэргийг эргэн нягталж, Иргэний хууль, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна.

“Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.  

ТЭРГҮҮН         Х.НАРАНЖАРГАЛ
Хувийг: Зам, тээврийн яамны сайд А.Гансүхэд