Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
Глоб Интернэшнл Төв нь дээрх хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд нийгэмд нэр нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа илчлэгдэхээс эмээн Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, чөлөөт шүүмжлэлийг нухчин дарах, иргэдийн дуу хоолойг боомилох зорилгоор ашиглах явдал нэмэгдсээр байгаад түгшиж байна.
Ардчилсан нийгэмд эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Олон нийт тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Зам, тээврийн сайд А.Гансүх иргэний хувьд өөрийн талаар гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй бөгөөд нэр төрөө сэргээлгэхийг хүссэн бол Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах, мөн хүссэн хэлбэрээр хариу өгөх, няцаах эрх, боломжийг ашиглаагүйд Глоб Интернэшнл Төв харамсаж байна.
Шүүмжлэл өрнүүлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, тус улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцийн заалтуудыг зөрчөөд зогсохгүй нийгэмд айдас төрүүлж, иргэдийг чөлөөт шүүмжлэл өрнүүлэх үйлдэлд нь бодитойгоор саад учруулж байна.
2000 онд НҮБ-аас гаргасан Тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг.
Мөн 2011 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас халахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газар дээрх Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх хугацаа 2015 онд тохионо. Засгийн газрын танхимын гишүүний хувьд НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ няцсан үйлдэл боллоо хэмээн Глоб Интернэшнл Төв үзэж байна.
Глоб Интернэшнл Төв хууль тогтоох байгууллагыг гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Эрүүгийн хуулиас хасч, төрийн өндөр албан тушаалтнуудыг олны нүдэнд ил байдаг бүлгийн хувьд аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандахыг байнга уриалдаг.
Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 3-р орц, 32 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627; Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globemon@gmail.com
http://www.globeinter.org.mn