Глоб Интернэшнл төв “Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдвээр хоёр өдрийн онлайн сургалт-хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгууллаа. Сургалт нь 2021 оны зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх зүйн орчныг хамтдаа дахин эргэн харж хэлэлцсэнээрээ цаг үеэ олсон, мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад чөлөөт, шударга сонгуулийг тэнцвэртэй, ёс зүйтэй мэдээлж, сурвалжлахын ач холбогдлыг онцгойлон таниулснаараа онцлогтой болов.
2021 оны гуравдугаар сарын 3, 4-нд болсон эхний хоёр өдрийн сургалтад 21 аймгийн 64 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, гуравдугаар сарын 11, 12-ны сургалтад Улаанбаатар хотын 68, нийт 132 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдсан юм.
Сургалтыг доорх үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд 12 өөр агуулгаар мэргэжлийн сэтгүүл зүйн багш нар, харилцаа холбоо, Сонгуулийн ерөнхий хороо, сонгогчдын боловсролын зэрэг олон салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд хамтран зааж, хөтлөн явууллаа.
Үүнд: - Сонгууль дахь хэвлэл мэдээллийн үүрэг;
- Монгол дахь сонгуулийн болоод хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин;
- Сэтгүүлчдийн аюулгүй байдал;
- Сонгуулийг мэдээлэх ба сурвалжлах нь;
Энэхүү сургалт хоёр талын ач холбогдолтой болов. Нэгдүгээрт, сургалтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сонгуулийн мэдээллийг хэрхэн оновчтой, ёс зүйтэй төлөвлөх, сонгуулийн мэдээллийг тэнцвэртэй мэдээлэх, сурвалжлахдаа баримтлах зарчмууд, ашиглах дата мэдээллийн болон зохистой эх сурвалжууд, тэдгээрийг хэрхэн нягтлах, шалгах талаар суралцав. Түүнчлэн, суралцагч-сэтгүүлчид сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгогчдын сонгох эрхээ эдлэхэд сэтгүүл зүйн болоод мэдээлэл, харилцааны олон янзын хэлбэр, аргыг хэрхэн оновчтой, үр дүнтэй ашиглахад суралцсаны зэрэгцээ сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн онцлогуудтай танилцав.
Хоёрдугаарт, онол, арга зүйн дэмжлэг авсны сацуу, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн эрх зүйн орчин гэх мэт хэвлэл мэдээлэл ба сонгуультай холбоотой хууль, эрх зүйн бичиг баримт, тэдгээрийн зүйл заалтуудын талаарх нэгдсэн мэдээллийг авсан. Үүнийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны (ХХЗХ) Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Г.Баттулга нар өгч, нийслэл хотод болон орон нутгуудад гардаг хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар хэлэлцсэнээрээ ихээхэн ач холбогдолтой байв.
Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн болоод нийслэл хотын телевизийн сэтгүүлчдийн хөндсөн асуудлуудын үр дүнд, “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төсөлд нэг заалт шинээр буюу Журмын 3.17-д “Радио, телевиз нь сонгуулийн үеийн мэдээ, мэдээлэл, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг Монгол хэлний тухай хуулийн 6.1.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23.1-т заасны дагуу төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр бэлтгэн дамжуулах бөгөөд үндэстний цөөнхөд зориулан өөр хэлээр нэвтрүүлэх тохиолдолд хадмал орчуулгатай байна” гэх заалт оруулснаа Н.Тогтохсүрэн бидэнд мэдээлэв. Түүнчлэн, ХХЗХ сургалт-хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдийн төдийгүй харилцаа холбоо, мэдээллийн ажилтнуудын эх сурвалжийн талаарх өргөн ойлголт, “эх сурвалжийг тодорхой дурдахтай холбоотой заалтаас эх сурвалж гэдэг үгээс зайлсхийх асуудлыг авч үзэхээр болж" байна.
“Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” онлайн сургалт нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшнл төвөөс хийж буй нөлөөллийн болоод чадавхжуулах үйл ажиллагаануудын нэг юм.