Монголын хүйн радиогийн үйл ажиллагааг тогтмолжуулж, бэхжүүлэх зорилгоор Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын хурлын танхимд зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
ЮНЕСКО-гоос 2012 онд хэрэгжүүлсэн “Нутгийн радио” төслийн хүрээнд Глоб Интернэшнл төв, Радио, телевизийн сүлжээний газар, МҮОНР хамтран Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймгийн 10 суманд хүйн радио байгуулсан. Тухайн орон нутгийн хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлж, сонсогчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг иргэдийн оролцоотойгоор бэлтгэн хүргэж байх зорилгоор байгуулсан хүйн радионуудын үйл ажиллагаа 2016 оноос хойш зогссон байна.
Үүнтэй холбогдуулан Киргизийн судлаач Айзада Калканбеков 2019 оны 3 дугаар сард орон нутагт ажиллаж “Хүйн радиогийн тогтвортой байдлын суурь судалгаа” хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Глоб Интернэшнл төвийн УЗ-ийн гишүүн Д.Аюуш дээрх судалгааны үр дүнг, мөн Монголын Хүйн радиогийн холбооны ерөнхийлөгч Ц.Оюунтунгалаг “Хүйн радио холбооны танилцуулга, цаашид хийх ажлууд”-ын талаар танилцууллаа.
Уулзалтад оролцогчид хүйн радиог сэргээх, тогтвортой ажиллуулах арга замуудыг хэлэлцэж, санал солилцлоо.
МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Мэндхүү:
Манай оюутнууд жил бүр үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Орон нутгийн оюутнууд хүйн радиод сайн дураараа ажиллаж, практик дадлага хийх боломжтой.
ХИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Л.Ариун:
Манай сургуулийн оюутнууд онолын мэдлэгээ баталгаажуулж сэтгүүл зүйн бүтээл хийдэг. Тиймээс энэ бүтээлээ Хүйн радиод контент хэлбэрээр хуваалцаж болно.
ХХМТГ-ын мэргэжилтэн Д.Ариунцэцэг:
Юуны өмнө сум, орон нутагт радио бий болж, олон нийтийг мэдээллээр хангах зорилго бүхий энэ үйл ажиллагааг мэдээж дэмжинэ. Гэхдээ хамгийн түрүүнд энэ радио орон нутгийн иргэдэд хэрэгтэй, шаардлагатай байна гэсэн судалгааг сайн хийх нь зүйтэй.
Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-ны мэргэжилтэн Т.Амарзаяа:
Өнөөдөр бид лиценз, зөвшөөрөл, цаашдын хөгжил гэх мэт бодлогын баримт бичгийн талаар ярьж байна. Гэтэл яг орон нутагт ямар асуудал тулгарч байна, иргэд радиод ажиллахад, ажиллуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэх мэт бодитой асуудлыг цаашид хэлэлцэж, судлах нь зүйтэй. Мөн сумын радиод ажиллах хүн заавал сэтгүүлч мэргэжилтэй, их дээд сургуулийн боловсрол эзэмшсэн байх албагүй. Харин ажиллах хүсэл эрмэлзэлтэй иргэдээ чадавхжуулж сургах нь илүү чухал байна. Энэ радиог ажиллуулах хүсэл эрмэлзэлтэй Сургуулийн эцэг эх, багшийн холбооны гишүүд олон бий.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж
Өнөөдөр манай улсад мэдээллийн нэг урсгал буюу зөвхөн төв, нийслэлээс мэдээллийг бэлтгэн түгээж байна. Гэтэл сумаас төв рүү, төвөөс сум руу чиглэсэн мэдээллийн чөлөөт урсгал бий болгох шаардлага зайлшгүй бий болсон. Иймд бид “Сумын сурвалжлагч” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Үүнтэй хүйн радиогийн үйл ажиллагааг холбох, цаашлаад манай орон нутгийн сэтгүүлчдээс мэдээлэл авах, харилцан солилцох боломжтой.
Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал
Сумын төвд хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулахад олон саад бэрхшээл, хүндрэлтэй нүүр тулна. Иймд олон нийт, иргэдийг чадавхжуулах нь чухал байдаг. Тиймээс иргэд, олон нийттэй түлхүү хамтарч ажиллах нь чухал юм.
Монголын Хүйн радиогийн холбооны ерөнхийлөгч Ц.Оюунтунгалаг
Цаашид Монголын хүйн радиогийн холбооны үйл ажиллагааг бэхжүүлж, идэвхжүүлэхийн тулд гишүүнчлэлээ шинэчилж, удирдах зөвлөлөө дахин сонгох, радио тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг шалгах гэх мэт ажлууд хийнэ. Ирэх 6 дугаар сард радио холбооны нийт гишүүдийн хурлыг зохион байгуулна.
Зөвлөлдөх уулзалтанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг багш, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.