"Төрийн мэдээллийн хүртээмж" олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт эхэллээ

Хэвлэлийн мэдээ
2019 оны 3 дугаар сарын 4
Улаанбаатар зочид буудал

"Төрийн мэдээллийн хүртээмж" олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 4-нд Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд эхэллээ.

Монгол улс 2019 оны 7 дугаар сард болох НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын тайлан бэлтгэн танилцуулна. Үүнтэй холбогдуулан Глоб Интернэшнл төв, Нидерландын Фрий Пресс Анлимитэд (FPU), Германы Дойче Велле Академи (DW Akademie)-тай хамтран ТХЗ-ын 16-ын 10.2 дахь дэд зорилтын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг онцлон 2019 оны гуравдугаар сарын 4, 5-ны өдөр зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.

ТХ-ийн 16.10.2 дахь дэд зорилтын шалгуур үзүүлэлтийг “Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулах” хэмээн заасан. Тус зорилтын хэрэгжилт нь төрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахаас гадна 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй юм.

Иймд ТХЗ-ын 16.10 дахь зорилт ба түүний шалгуур үзүүлэлт 16.10.2-ын тухай үндэсний оролцогч талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ТХЗ-ын 16.10 дахь зорилтын талаар 2019 оны Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт, Үндэсний сайн дурын тайланд тусгах зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.

Уулзалтад Засгийн газрын төлөөлөл, тэргүүлэгч яамдын асуудал эрхэлсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, боловсрол, судалгааны байгууллагын төлөөллүүд оролцоно.

Уулзалтын үеэр 2011 онд баталсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт буюу төрийн мэдээллийн хүртээмжийг үнэлэх зорилгоор төрийн байгууллагуудаас түүврийн аргаар сонгож хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулна.

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцэн баталж, 2016 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дууссан “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

Дэлгэрэнгүй хөтөлбөртэй энд дарж танилцана уу.