Орон нутгийн бизнес Европын Холбооны зах зээлд гарах боломж

Глоб Интернэшнл төв 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдвээр мэдээлэл солилцох уулзалтыг Иргэний танхимд зохион байгууллаа.

Уулзалт нь GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн Европын зах зээлд гаалийн татваргүй экспортлох боломж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас танилцуулах, мөн GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенциуд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлснээр GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах зорилготой юм.

“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулсан тус уулзалтад аймгийн ЗДТГ, МҮХАҮТ, Хүний эрхийн үндэсний комисс, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүн оролцлоо.

Ийнхүү GSP+ механизмын ашиглалтыг орон нутгийн түвшинд дээшлүүлэх нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх томоохон боломжийг олгохоос гадна тухайн бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлт болоод хүний эрхийн нөхцөл байдлыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймагт уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны уулзалтаа Архангай аймгаас эхлүүллээ.

Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд Democracy Reporting International байгууллагын захиалгаар хэрэгжиж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь хүний суурь эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой.

Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй 9 улсад хэрэгжиж байна. Уг өгөөж хүртэж буй орнууд нь эдийн засгийн урамшууллынхаа хариуд НҮБ-ын хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, сайн засаглалтай холбоотой 27 конвенцийг даган мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ нь ардчилал, хүний эрхийг хүндэтгэх байдлыг баталгаажуулах боломжгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж байгаа ба хүний эрхийн соёлыг сурталчлахаас эхлээд хувь хүнийг эрх мэдэлжүүлэх бүхий л боломжийг ашиглах нь маш чухал байгаа билээ.