Сайн туршлага: Сургууль - Номын өргөө

Сайн туршлага №3

Манай улсын хэмжээнд нийт 742 ерөнхий боловсролын сургууль байдаг. Сургууль бол сурагчдын хувьд эрдэм ном сурах их уурхай. Энэ утгаараа номын сан нь сургуулийн чухал орчин юм. "Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм"-ийн 2.2-т Сургуулийн захиргаа нь номын санг ном хэвлэлээр тогтмол баяжуулж, номын сангийн үйлчилгээний стандартад нийцэх техник тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангаж тав тухтай орчинг бүрдүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Харамсалтай нь, өнөөдөр дунд сургуулиудын номын сан зохих ёсоор үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилтот Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-доос сургуулийнхаа эцэг эх, сурагч, багш, сургуулийн удирдлага болон орон нутгийн бусад байгууллагын төлөөллийн хамтран хэрэгжүүлсэн Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА)-ын материаллаг орчны үнэлгээгээр илэрсэн байна. Тиймээс СЭЭБХ-д үнэлгээний дүнд үндэслэн номын сангийнхаа орчин, нөхцөлийг сайжруулах ажил өрнүүлжээ. Эдгээрээс сайн туршлага болох жишээнүүдийг онцлон танилцуулж байна.

Сурагчид сонирхсон номоо сонгон унших боломжтой болсон

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” СЭЭБХ-ны хэрэгжүүлсэн ССДА-ын материаллаг орчны үнэлгээнд оролцсон сурагчид  “номын сан хүйтэн, тав тухгүй, хаана ямар ном байгаа нь ойлгомжгүй байдаг” хэмээн хариулсан байна. Тиймээс СЭЭБХ-ны гишүүд багш, ажилчидтайгаа хамтран сургуулийнхаа номын санг засаж, орчин нөхцөлийг нь сайжруулах “Хамтдаа” аяныг эхлүүлжээ.
Энэ аяны хүрээнд номын сангийн ширээ сандлыг будаж, зургийн багштай хамтран Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн зургийг танхимын хананд зуржээ. Мөн номын фондоо ангилж цэгцлэн, хаягжуулсан байна. Ингэснээр сурагчид сонирхсон номоо сонгон унших боломж бүрджээ. Үүнээс гадна “Шинэ номын булан” байгуулан улирал бүр шинээр нэмэгдсэн ном, сурах бичгийг танилцуулж байхаар тогтжээ. Тус сургуулийн номын санч О.Өлзийбаяр “номын сангийн орчныг сайжруулснаар номын санд сууж, ном унших хүсэлтэй сурагчдын тоо нэмэгдсэн”  хэмээн ярьлаа.

Номын сангийн танхимыг өргөтгөн, суудлын тоог нэмжээ

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын 3-р СЭЭБХ-ны гишүүд сургуульдаа ССДА-ыг 2 дахь удаагаа хэрэгжүүлж, сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг гурван орчны үнэлгээ хийжээ. Материаллаг орчны үнэлгээгээр номын сангийн уншлагын танхимыг томруулан ширээ сандал нэмэгдүүлэх, ном, сурах бичгийн тавиурын тоо нэмэх, ном эмчлэх гэх мэт олон асуудлуудыг тодорхойлж, үүнийгээ шийдэж чаджээ. Тиймээс СЭЭБХ-ны гишүүд, сургуулийн номын санч, ажилчидтай хамтран сургуулийнхаа номын санг сайжруулах төлөвлөгөө гарган ажиллажээ.

Тухайлбал, СЭЭБХ-ны гишүүд Улаанбаатар хот дахь Эмпати номын компанид хандан “номын сангийн баяжилтад хувь нэмэр оруулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг тус байгууллага дэмжин хүлээн авч, хувь хүний хөгжил, багшид хэрэгтэй зөвлөмж, сургамжит өгүүллэгийн ном зэргийг сургуулийн номын санд хүлээлгэн өгчээ. Мөн СЭЭБХ санаачлан сургуулийн захиргаанд хүсэлт гарган сургуулийн актлагдсан сандал, ширээг засаж сайжруулан номын сангийн суудлын тоог нэмэгдүүлсэн байна.

Нээлттэй номын сан

Сургуулийн номын сангийн үйлчилгээг сайжруулсан бас нэгэн сайн туршлага бол Булган аймгийн 1-р СЭЭБХ-ны хийсэн ажил юм. Материаллаг орчны үнэлгээгээр тус сургуулийн сурагчид номын санд сууж хичээлээ хийх хүсэлтэй боловч танхимын хүрэлцээ муу байдаг. Мөн сургуулийн номын сан гэрээр ном олгодоггүйгээс сурагчид тэр бүр үйлчлүүлдэггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тус СЭЭБХ-ны гишүүд санаачлан “Нээлттэй номын сан”-г байгуулжээ.

Энэ номын санг сургуулийнхаа үүдний зайтай хэсэгт байрлуулж, хүн бүр нэг ном аяныг өрнүүлэн номын сан үүсгэжээ. Нээлттэй номын сан бий болсноор сурагчид өөрт байгаа номоо бусадтай сольж унших, бие биенээсээ харилцан суралцах, хичээлийн бус цагаар ном унших, сонирхсон номоо гэрээр авч унших боломж бүрджээ. “Нээлттэй номын сангийн фондыг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор ном цуглуулах аянг эхлүүлээд байна” хэмээн тус СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, багш А.Буянбат хэллээ.

СЭЭБХ-дын хийсэн ССДА-ын материаллаг орчны үнэлгээнээс харахад, сурагчид ном унших дургүйдээ биш ном хүрэлцээтэй бус, номын сангийн орчин нөхцөл тааруу учраас номын санд суудаггүй хэмээн хариулсан байна. Номын сангийн орчинг сайжруулснаар сурагчид номын санд сууж хичээлээ давтах, мөн хичээлээс гадуурх ном зохиол сонирхон унших нь ихэссэн хэмээн дээрх гурван сургуулийн ном санч, багш нар сэтгэл хангалуун хэлж байлаа.

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагааны талаар  дараах холбоосоор танилцана уу.
www.sainsurguuli.mn
www.facebook.com/sainsurguuli/ 
www.youtube.com/user/globeupr/videos