Увс аймгийн Тэс сумын сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) нь 2018 оны хавар сургуульдаа Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА)-ыг хэрэгжүүлж, засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны үнэлгээ хийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон байна. Үүнээс материаллаг орчны хүрээнд хамгийн түрүүнд, сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тухайлбал, I дотуур байрны цонх хагарсан, дулаан их алддаг, шалны банз ховхорсон, хана, таазны шавар нурсан, дээврээс ус гоождог, гэрэлтүүлэг муу, чөлөөт цагаа зөв өнгөрөөх тоглоом наадгай байхгүй зэрэг асуудлуудыг илрүүлжээ.
Тэс сумын СЭЭБХ дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд сумын бусад байгууллага, хүй олны дэмжлэгийг авахаар нөлөөллийн уулзалт зохион байгуулжээ. Ингэснээр сургуулийн захиргаанаас гадна сумын захиргаа, эмнэлэг, цэцэрлэгийн байгууллагын хамт олныг үйл ажиллагаандаа татан оролцуулж, дараах ажлуудыг гүйцэтгэжээ.
Сумын эмнэлэг: Хамт олноороо “Номын цагаан буян” аян зохион байгуулж, 200 гаруй номыг дотуур байрны сурагчдад хандив болгон өгчээ.
Сумын цэцэрлэг: Шатар болон бусад сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг гарын доорх материалаар хийж хүлээлгэн өгөв.
Сургуулийн захиргаа: Дотуур байрны сурагчдад зориулан сандал хийх ажлыг хариуцаж, сургуулийн ажилтан бүр хуванцар сав, гарын доорх материал ашиглан сандал хийж өгчээ.
СЭЭБХ-ны гишүүд: Дотуур байр хүйтэн байдаг тул хүүхдүүдэд зориулан эсгий шаахай хийх санаачилга гаргажээ. Ингэснээр сурагчид дотуур байрандаа шаахай өмсөн цэвэр орчинд, тав тухтай, дулаан амьдрах болжээ. Мөн дотуур байрны цахилгааны утас ил байсныг сургуулийн захирал, цахилгаанчинд танилцуулан тасгуудын цахилгааны утас, гэрлийг сольж, засварласан байна.
“Сургууль гэдэг сум, орон нутгийн хамгийн том, цөм байгууллагуудын нэг тул сайн сургууль бий болгохын тулд иргэн бүрийн оролцоо чухал нөлөөтэй. Үүнийг ухамсарласан Тэс сумын иргэд, хүй олон хамтран бүтээлчээр ажилласнаар сургуулийн орчинд олон өөрчлөлтийн эхлэл тавигдлаа. Эцэг эхийн оролцоо нэмэгдэж, хандлага өөрчлөгдсөн. Аливаа асуудлыг мөнгөөр биш, гарын доорх материал болон өөрийн нөөц бололцоог ашиглан хийж болдог гэдгийг ойлгож авлаа” хэмээн Тэс сумын сургуулийн багш, СЭЭБХ-ны гишүүн Ж.Агиймаа хэллээ.
"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагааны талаар www.sainsurguuli.mn