Глоб Интернэшнл төв "GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь" төслийн хүрээнд 2018 оны 7-р сарын 3, 4-ний өдөр сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэмжлэгтэй зохион байгуулсан тус сургалтад телевиз, өдөр тутмын сонин, сайтын 19 сэтгүүлч хамрагдсан юм.
Глоб Интернэшнл төв нь GSP+ системд хамрагддаг НҮБ-ын конвенциудаас Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, ялангуяа пактын 19 дүгээр зүйлийг онцлон ажиллаж үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг сайжруулж тус зүйл заалтын хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа юм.
Сургалтыг Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдэд хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдалгүй үлддэг хүний эрхийн олон асуудалд сэтгүүлчдийн анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгууллаа.
Сургалтын эхний өдөр хүний эрхийн тухай ойлголт, ёс зүйт сурвалжлага, GSP+ Монголын нөхцөлд, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19, 20-р зүйл зэрэг сэдвээр;
Хоёр дахь өдөр цахим эрх чөлөө, түүний өөрийн зохицуулалт, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үндэсний хууль тогтоомжид, сэтгүүлчдийн аюулгүй байдал зэрэг сэдвээр сэтгүүлчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.
Сургалтын агуулга, хөтөлбөр сонирхолтой, хүртээмжтэй байгааг сэтгүүлчид дурдаж, цаашид ийм төрлийн сургалт зохион байгуулбал дахин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.