"GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь" семинар болно

“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн гарааны семинар 2018 оны 4 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд 09.00-18.00 цагт Пума Империал зочид буудал (Б хэсэг)-д болно. Семинарт Засгийн газрын агентлагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгэм, бизнесийн бүлэглэлийн төлөөллүүд оролцоно.

Семинарын эхний өдөр Монгол Улсын Засгийн газраас GSP+ механизмын талаар мэдээлэл солилцож хүлээсэн үүрэг, амлалтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газрын санаачилгууд, НҮБ-ын Гэрээний хороод болон Хүний Эрхийн Хороо, Тусгай илтгэгчдээс ирүүлсэн хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн конвенциудын хэрэгжилтэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Хоёр дахь өдөр өргөн хүрээний оролцогч талуудыг хамруулан НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг нарийвчлан тодорхойлж, Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактыг дотоодын шүүх үйл ажиллагаанд ашиглах боломжийн талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийг дотоодын шинжээчдээс ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн явуулах бол семинарын сүүлийн хагаст иргэний нийгмийн төлөөлөл бүхий зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт зохион байгуулна. Энэ нь мэдээлэл сурталчилгаа, мэдлэгийн бүтээгдэхүүнийг түгээх хамгийн нөлөө бүхий мэдээллийн сувгийг тодорхойлох, Түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөө боловсруулах (ODP), нөлөөллийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна.

Дэлгэрэнгүй хөтөлбөртэй энд дарж танилцаарай.

Европын Холбооны худалдааны механизм болох GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий системийн дагуу Армени, Болив, Кабо Верд, Киргиз, Монгол, Пакистан, Парагуа, Филиппин, Шри Ланка зэрэг есөн улс эдийн засгийн урамшуулал хүртэж байна. Эдгээр орнууд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжтой юм. Харин үүний хариуд Европын Холбоо хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой НҮБ-ын 27 үндсэн конвенциийг дагаж мөрдөхийг тэдгээр орноос шаарддаг.

Ардчиллыг дэлгэрүүлэгч Democracy Reporting International олон улсын байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь Европын Холбооноос санаачилсан худалдааны хэлэлцээрүүдийн нэг болох Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу Generalized Scheme of Preferences (GSP) механизмтай шууд холбоотой.

Төсөл нь Европын Холбооны худалдааны систем болох GSP+ механизм нь Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцитэй хэрхэн холбогддог талаар олон нийт, иргэний нийгэм, холбогдох төрийн байгууллагуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой. Мөн GSP+ механизмын үйл явцтай харилцан уялддаг гэрээ, конвенциудад мониторинг хийх хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хүний эрхийн механизмууд дахь тухайн системийн оролцооны талаар нийгмийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.