ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, УЕПГ-ын Тамгын газар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
Хэвлэлийн мэдээ
Улаанбаатар хот
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай нар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтран ажиллах хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож байхаар тохиролцов.


ЮНЕСКО-ийн үндэсний комисс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, соёлын өвийг хамгаалах, соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон гэрээ, конвенциуд, Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн хороо, ЮНЕСКО-оос өгсөн зөвлөмжүүдийн талаар прокурорын байгууллагын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газар нь сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, прокурорын давтан сургалтын хөтөлбөрийн агуулгад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон гэрээ конвенци, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг тусгах чиглэлээр хамтран ажиллана.

Талууд дээр дурдсан үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХОУХ)-ийн Монгол дахь Үндэсний Хороотой хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсад МХХОУХ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Ц.Мөнх-Оргилын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 17/18тоот тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний Хороо байгуулагдаж, даргаар нь Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалыг томилсон юм. Үндэсний Хорооны нарийн бичгийн даргын ажлын албыг Глоб Интернэшнл төв хариуцаж байна.