Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХХОУХ)

Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр нь НҮБ-ын систем дэх цорын ганц олон талт чуулган юм. Энэ механизмыг хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийн хөгжлийг хэлэлцэх, хөхиүлэн дэмжихийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчийг дайчлах зорилгоор бий болгосон байна.

Хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн төслүүдэд дэмжлэг үзүүлэхээс гадна хөгжиж буй орнуудад чөлөөт, олон ургальч хэвлэл мэлээллийн хөгжилд нөлөөлөх эрүүл саруул орчныг баталгаажуулах арга замыг эрэлхийлдэг.

Олон талт хамтын ажиллагаа нь улс төр, ёс зүйн шалтгааны хувьд ч хэвлэл мэдээллийн хөгжлийг хөхиүлэн дэмжих хамгийн зохистой арга юм. МХХХОУХ-өөр дамжиж буй олон улсын тусламж нь хэвлэл мэдээллийн байгууллагын шударга, хараат бус байдалд хөндлөнгийн нөлөө үзүүлдэггүй.

Сүүлийн 30 гаруй жилд МХХХОУХ нь Засгийн газар хоорондын Зөвлөл, түүний Товчооны шийдвэр, удирдамжийг удирдлага болгон мэдээлэл, харилцааны хөгжлийн хамгийн эн тэргүүний тулгамдсан төслүүүдэд анхаарал хандуулсан билээ. МХХХОУХ нь 100 гаруй сая ам.долларын санхүүжилт олж, 140 гаруй хөгжиж буй болон шилжилтийн үедээ яваа улс орны 1500 гаруй төслийг дэмжсэн юм. Үүнд хэвлэл мэдээллийн хараат бус байдал, олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжих, хүйн хэвлэл мэдээлэл, радио, телевизийг хөгжүүлэх, үндэсний болон бүсийн мэдээллийн агентлагийг шинэчлэх, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийг сургах зэрэг өргөн хүрээтэй, чухал үр нөлөөтэй үйл ажиллагаа байгаа билээ.

МХХХОУХ нь өнөөдөр чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан адил тэгш байдлаар мэдлэг эзэмшиж, өөрийгөө илэрхийлэх боломжоор хангаж хүмүүсийг чадавхжуулахын төлөө хэвлэл мэдээллийн илүү үр дүн бүхий төслүүдийг дэмжих талаар өмнөхөөсөө илүү хүчин чармайлт гаргаж байна.

Хүмүүс санаа зовж буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлэх, эрэн сурвалжлах, хэлэлцэх, мэдлэг олж авах, хүчирхийллийг эсэргүүцэх боломжтой утга учир бүхий хэвлэл мэдээллийн тийм орчинг хөгжүүлэхийн тулд бидэнтэй нэгдээрэй.

МХХХОУХ нь төслүүдийг дэмжихдээ дор тэргүүлэх чиглэлийг баримтална.

• Хэвлэл мэдээллийн олон ургальч байдал (ялангуяа хүйн хэвлэл мэдээлэл), хараат бус байдлыг дэмжих (өөрийн зохицуулалт, мэргэжлийн хэмжээг сайжруулах),

• Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хөхиүлэн дэмжих

• Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэгийг сөрөн няцаах, зөрчлийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн практикийг хөхиүлэх, сэтгүүлчдийн дунд янз бүрийн соёл, янз бүрийн шашныг хүлээн зөвшөөрөх яриа хэлэлцүүлгийг дэмжих

• Хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөө үзүүлэхүйц эрх зүйн шинэтгэлийг дэмжих

• ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлт, Хэвлэл мэдээллийн жендерийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт, Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтэд үндэслэн хэвлэл мэдээллийн үнэлгээ, судалгаа хийх

• Сэтгүүл зүйн боловсролыг сайжруулах (Сэтгүүл зүйн боловсролын ЮНЕСКО-гийн загвар хөтөлбөрийг ашиглан) ажлыг хамруулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн менежрүүдийн чадавхыг бэхжүүлэх

МХХХОУХ-ийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүний бүрэлдхүүнтэй. Газар зүйн байршил, ротацийн хэлбэрийг харгалзан сонгууль явагддаг.

Зөвлөлийн хариуцах ажил үүрэг:

• Хөтөлбөрийн бодлого тогтоогч, төлөвлөлт, хэрэгжилтийн удирдамж боловсруулах

• Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг батлах

• Төслүүдийн хэрэгжилтийн болон үнэлгээний тайланг үндэслэн амжилт ололтыг нягтлах, дүгнэлт өгөх, олон улсын хамтын ажиллагаа шаардагдаж буй салбар хэсгийг тодорхойлох,

• Гишүүн улсуудын Хөтөлбөрт үр дүнтэй оролцох арга зам, арга хэрэгслийг хэлэлцэх

• Хөтөлбөрөөс тусламж хүсэж буй хэсгийн үр шимийг хангахад шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах

• Орон нутгийн мэдээлэл харилцааны IPDC-UNESCO шагнал олгох

Зөвлөлийн ээлжит хурал хоёр жилд нэг удаа болдог ба Зөвлөлийн дүрэм журмын дагуу ээлжит бус хурал хийж болно. Зөвлөлийн хурлын хооронд дарга, гурван дэд дарга, илтгэгч бусад гурван гишүүний бүрэлдхүүнтэй Товчоо ажилладаг. Товчоо жил бүр хуралдаж, төсөл шалгаруулах, батлах, Тусгай сангаас санхүүжилт хуваарилах, Зөвлөлийн хурал зохион байгуулалтыг төлөвлөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам