“Ийгл” телевиз “Шударга үнэний дуу хоолой”-оор шалгарав

Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны шагнал 2008”- ын хэвлэл мэдээллийн байгууллагад олгох “Шударга үнэний дуу хоолой” шагналаа “Ийгл” телевизид гардууллаа. Эрхэм зорилгоо “шинэ, шуурхай, шударга” хэмээн тодорхойлдог “Ийгл” телевизийнхэн 2008 оны 2, 3 дугаар улирлын турш “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяныг зохион байгуулжээ.

Аяны хүрээнд “Өөрсдөөсөө эхлэн шударга байцгаая” хэмээн үзэг нэгт нөхдөө уриалан хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулсны зэрэгцээ үзэгч түмнээ авлигын эсрэг үйл ажиллагаанд уриалан дуудсан богино хэмжээний шторк, ролик байнга цацаж, энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлгүүдийг түлхүү бэлтгэж байжээ. Түүнчлэн авлига, хүнд суртлын эсрэг төрийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сайшаан сурталчилж, иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр шуурхай сурвалжлан ажилласан байна.