“Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй – Кино сургалт”-ыг сүүлийн удаагаа амжилттай зохион байгууллаа

Глоб Интернэшнл төв нь Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан болон Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/-ийн дэмжлэгтэйгээр “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй – Кино сургалт”-ыг 2026 оны 01 дугаар сарын 15-нд тав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн дарамт шахалтаас ангид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрхээ хамгаалах чадвар эзэмшүүлэхэд зорьж буй энэ удаагийн сургалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, эрхлэгч, найруулагч, менежерүүд болон чөлөөт сэтгүүлч зэрэг 13 хүн хамрагдав.


Хөтөлбөрийн хүрээнд:

• Сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудал, эрх зүйн хамгаалалтын талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

• Олон улсын нэр хүндтэй “The Post” киног үзэж, сэтгүүлчийн эрх чөлөө, редакцын бие даасан байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, хариуцлагын талаар хэлэлцлээ.

• Сэтгэл судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд “Сэтгүүлч сэтгэл зүйгээ хамгаалах нь” сэдвээр танилцуулга хийж, оролцогчдод сэтгэлзүйн дэмжлэгийн зөвлөмж өглөө.


Сургалт нь сэтгүүлчдийн эрх зүйн болон сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна редакцын түвшинд аюулгүй, хамгаалагдсан орчин бүрдүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, редакцууд эх сурвалжаа хамгаалах, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө эв санааны нэгдэлтэй байхын чухлыг онцолсон хэлэлцүүлгээр өндөрлөлөө. Түүнчлэн сургалтад оролцогчид нь уг сургалтын хөтөлбөр маш сонирхолтой, хэрэгцээтэй байхын зэрэгцээ хууль эрх зүйн хамгаалалтыг сэтгүүлчийн сэтгэл зүйн байдалтай уялдуулсан явдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.