Нээлтийн үг
Өнөөдрийн оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхний амар амгаланг айлтган мэндчилье!
Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах нь эрх чөлөөний үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, ардчиллын чанарыг бэхжүүлэх, нээлттэй, хариуцлагатай, эгэх хариуцлагатай засаглалыг урагшлуулах чухал алхам гэж үзэж байна.
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, иргэний таатай орон зай нь хүний эрх, ардчиллын үзэл санааны салшгүй бүрэлдэхүүн бөгөөд төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог өргөжүүлэх, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх суурь нөхцөл юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь иргэдийн үзэл бодлоо баримтлах, мэдээлэлтэй байх эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ. Хараат бус, ардчилсан хэвлэл мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчилж, иргэдийг нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлын тухай мэдээллээр хангах, мэтгэлцээний талбар байх, иргэдийг төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хөхиүлэн дэмждэг. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл нийгмийн эгэх хариуцлагын эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хоточ нохойн үүргээ гүйцэтгэж, төр, иргэдийг холбох гүүр болдог. Ингэхдээ иргэдийн оролцоо, төрийн ил тод байдлыг дэмжиж, хүчтэй иргэний нийгэм цогцлооход чухал ач холбогдолтой.
Хэвлэл мэдээлэл мөн иргэдэд үнэн мэдээлэл түгээх, тэднийг соён гэгээрүүлэх, нийгмийн мэтгэлцээн, хэлэлцүүлгийн талбар байх, төрийн эрх мэдэлд хяналт тавьж, төрийн хүнд суртал, хууль бус үйл ажиллагаа, авлига, хээл хахуулийг илчлэн, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх үүрэгтэй.
Иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэл мэдээллийн суурь боловсролоор дамжуулан иргэдийн шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Түүнчлэн нийтийн эрх ашигт жинхэнэ утгаар үйлчлэх чадвартай хариуцлагатай сэтгүүл зүй иргэний орон зай, ардчиллыг дэмжихэд хамгаас чухал болох мэдээлэлтэй, бүтээлч сэтгэлгээ бүхий иргэдийн оролцоог бий болгоно.
Иргэний орон зай нь иргэд, ТББ, хэвлэл мэдээлийн төрийн аливаа дарамт, оролцоогүйгээр үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, олж авах, түгээх эрх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ чөлөөтэй эдлэх орчин юм. Энэ орчин нь таатай байх ёстой.
Нөгөө талаас, нийгмийн сэдвийг хөндөх, төрийн бодлогын хэрэгжилтийг хянах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо өсөн нэмэгдэж байгаа ч, тэдний үйл ажиллагаанд санхүүжилтийн хомсдол, хуулийн тодорхой бус орчин, захиргааны дарамт зэргээс үүдэлтэй бэрхшээлүүд тулгарч байна. Ийм нөхцөлд төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбар, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын түншүүд хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, иргэний орон зайн уялдаа холбоог хэлэлцэх нь зүйтэй юм.
Иргэний орон зай, үйл ажиллагааны орчныг хуулиар хязгаарлах, шүүмжлэлийг таслан зогсоох, идэвхтнүүдийг баривчлах, хорих, хэвлэл мэдээллийг цагдан хянах, эсэргүүцлийг нухчин дарах зэргээр хавчих оролдлого гарсаар байна. Түүнчлэн санхүүгийн дарамт үзүүлэх, онлайн үйл ажиллагааг мөрдөн дижитал хяналт тогтоох болжээ.
Иргэдийн оролцох эрхийг хязгаарлах нь ардчиллыг хөсөрдүүлэх аюултай. Хүний эрх, байгаль орчин, нийгмийн шударга ёсны төлөө нөлөөллийн ажлыг хязгаарлах нь хөгжилд саад учруулна. Жирийн иргэд дуу хоолойгоо нийгэмд хүргэхгүй бол эрх мэдэл хяналтгүй болж, авлига ихэснэ.
Өнөөдөр үйлчилж буй хууль тогтоомжууд сэтгүүлчдийн нууц эх сурвалжийг хамгаалах, айдас хүйдэсгүйгээр мэргэжлийн үүргээ биелүүлэхэд таатай бус, хязгаарлалт тавих түлхүү байна. Иргэний нийгмийн идэвхтнүүд ч мөн айдас дарамтад байх нь хэвийн болжээ.
Оролцогч та бүхэн эдгээр асуудлыг нухацтай хэлэлцэх байх. Харин би хэдэн зүйлийг онцолж байна.
Эрүүгийн хуулийн 13.14 заалтын талаарх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг талархан хүлээн авахын зэрэгцээ УИХ ч мөн адил шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан том дэвшил юм. Гэсэн хэдий ч энэ хуулийн 8.1.3. зүйлд “… бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах”-ыг хорилох тухай заалт нь шүүмжлэлд өртсөн төрийн өдөр албан тушаалтан, албан хаагч, төрийн байгууллага авжин ашиглах боломж олгож буй тул халах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйл буюу “Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол ял шийтгэхээр заасан. Ингэхдээ “сонгуулийн үе”, “илт хууль бус мэдээлэл” гэдгийг тус хуульд төдийгүй сонгуулийн хууль тогтоомжид тодорхойлоогүй учраас энэхүү тодорхой бус, ерөнхий заалт нь сонгуулийн үеэрх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг зохисгүйгээр хязгаарлах эрсдэл бий болгож байна.
Нэр төр гутаахтай холбоотой эргүүийн хуулийн зүйл заалтаа халж, иргэний хуулиар шийдвэрлэхийг НҮБ-ын ХЭХ, ХЭЗ удаа дараа манай улсад зөвлөсөн. Мөн Үндсэн Хуулийнхаа 10-р зүйлээр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх, мөн нэгдэн орсон гэрээ, конвенц дотоодын хууль ади үйлчлэхийг баталгаажуулан тунхагласан билээ.
УИХ, Засгийн газраас ил тод байдлыг хангах чиглэлээр сайн санаачлага, ахиц дэвшил байгаа хэдий ч улс төрийн хүсэл зориг төдийлөн хангалтгүй байна. Үүний жишээ нь одоо үйлчилж буй Төрийн ба албаны нууцын тухай хууль юм. Засгийн газар нууц мэдээллийн жагсаалт баталж, яамд, төрийн байгууллагууд өөрсдөө нууц мэдээллээ тогтоодог нь төрийн нууцыг хуулиар тогтоох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Түүнчлэн Шүгэл үлээгчийн тухай хууль ч батлагдаагүй байна.
Өнөөдрийн олон талт уулзалтаар иргэний орон зайг бэхжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тэр дундаа хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийг төгөлдөржүүлэхийн тулд ил тод байдлыг хөхиүлэн дэмжихийн ач холбогдлыг хэлэлцэж, цаашдын бодит үр дүнд хүрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Энэ уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад тусалсан Канад сан, ICNL олон улсын байгууллага, ННФ-д талархал илэрхийлж, уулзалт нээснийг мэдэгдэе!