“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэг боллоо.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, хамгаалагдсан иргэний орон зай хэмээх үнэт зүйл дээр тогтдог ардчилсан нийгэмтэй Монгол Улс CIVICUS Monitor-ийн оны үнэлгээгээр “Obstructed” буюу хязгаарлагдсан орон ангилалд багтсан. Энэ нь иргэний орон зай бүрэн нээлттэй бус байгааг харуулж байна. Түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэгчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудад төрийн дарамт, цахим халдлага, нэр төр гутаахтай тэмцэх нэрийдлээр боомилуулах үйл ажиллагаанд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа талаар Хүний эрхийн Үндэсний Комисс, ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбоо (IFJ) зэрэг байгууллагууд анхааруулж байна.

Нөгөө талаас, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо нийгмийн сэдвийг хөндөх, төрийн бодлогын хэрэгжилтийг хянах, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа нэмэгдэж байгаа ч тэдэнд санхүүжилтийн хомсдол, хуулийн тодорхой бус орчин, захиргааны дарамт зэргээс үүдэлтэй бэрхшээлүүд тулгарсаар байна. Ийм нөхцөлд төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын түншүүд хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, иргэний орон зайн уялдаа холбоог хэлэлцэх нь зүйтэй юм.

Тиймээс “Глоб Интернэшнл” төв 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Иргэний орон зайн баталгаа болох нь” Олон талт хэлэлцүүлгийг “Нээлттэй нийгэм форум”-ын байранд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар “Нээлттэй нийгэм форум”, санхүүжүүлэгчээр “Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв” /ICNL/, “Орон нутгийн санаачилгыг дэмжигч Канад сан” хамтран ажиллалаа.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын яам, агентлаг, хүний эрхийн ТББ-ууд, иргэдийн оролцоог дэмжигч байгууллагууд, сэтгүүлч, сэтгүүл зүйн редакцууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудаас бүрдсэн 100 орчим хүний төлөөлөл оролцох юм. Ингэхдээ хүний эрхийн салбарт жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор оролцогчдын 60 хувийг эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдүүлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, иргэний орон зай гэсэн гурван ойлголтын уялдаа, харилцан хамаарлыг танин мэдэх, дүн шинжилгээ хийхийг зорих бөгөөд төр, иргэний нийгэм, сэтгүүлчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид бодит нөхцөл байдал, сорилт, боломжуудыг хэлэлцэж, хамтын шийдэл боловсруулна. Мөн хэлэлцүүлгийн үр дүнд бодлогын түвшинд ажиллах боломжтой зөвлөмж, хамтын үйл ажиллагааны санаачилгууд боловсруулахаараа онцлог юм. Энэ нь эрх чөлөөний үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, ардчиллын чанарыг бэхжүүлэх, нээлттэй засаглалыг урагшлуулах чухал алхам болно.