Оролцогч байгууллагууд нь аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах гол агуулга бүхий ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох юм.
Тус сүлжээ нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад доорхи таван чиглэлээр хяналт тавих юм байна.
- Сонгуулийн компанит ажлын санхүүжилт
- Сонгогчдын нэрийн жагсаалт
- Сонгуулийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал
- Саналын хуудастай холбоотой үйл явц
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа
Хяналтын явцын үр дүнг сонгуулийн компанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн үр дүнг сонгууль дууссаны дараа мэдээлнэ
Мөн сүлжээнээс сонгуулийн үйл явцыг хянахад иргэдийг татан оролцуулах зорилгоор санал, хүсэлт, шүүмжлэл, мэдээ мэдээлэл хүлээн авах энгийн тарифтай 19-77 шууд утсыг 2008 оны 5-р сарын 20-ноос эхлэн ажиллуулах юм. Утсаар хүлээн авсан хасанал шүүмжлэлийн тойм, мониторингийн үр дүн, сонгуулийн явцын талаарх судалгаа, тойм шинжилгээ, мэдээ, сонгогчийн боловсролд хувь нэмэр болох нийтлэл, бусад мэдээллийг www.sanal2008.mn вэбсайтаар дамжуулан олон нийтэд байнга хүргэх юм байна.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээллийг түргэн шуурхай дамжуулах зорилгоор Хэвлэлийн төвийг ажиллуулж байгаа бөгөөд энэ төв нь Нээлттэй нийгэм форум дээр байрлаж байгаа юм байна.