Өнөөдөр Монголд 400 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл 80 шахам, өдөр тутмын 13 сонин ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотод телевизийн бараг хориод суваг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монголд төр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өмчлөх, мөн цензурыг хориглосон. ХМХ нийтэлж, нэвтрүүлж буй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. 2008 оны 6-р сард Монголд УИХ-ын ээлжит сонгууль болно. Монголын хэвлэл мэдээлэл энэ удаа ч УИХ-ын сонгуульд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Энэ үүргээ хэвлэл мэдээлэл хэрхэн биелүүлэхээс улс орны ирээдүйн амьдрал ихээхэн шалтгаална.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2008-03-14 ний өдрөөс 2008-04-04-ний өдрийг хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд өдөр тутмын 12 сонинд хийсэн сонгуулийн өмнөх мониторингийн тайланг танилцуулж байна. Энэ мониторинг нь хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны дүр төрхийг тодорхойлох зорилготой, анх удаа албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийснээрээ онцлогтой мониторинг юм. Full Report