Бид боловсон хүчнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийг зорьсон

Энэ үгийг МҮОНТ-ийн удирдлагууд хэлэв. Тэд хамт олны зөвлөлийн дараа сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан. Аттестачилал нэрийн дор хоморголон халах үйл ажиллагаа явуулсан гэх Хамт олны зөвлөлийн гишүүдийн мэдэгдлийг няцааж “Ур чадвартай боловсон хүчинтэй байхыг л эрмэлзсэн” гэж удирдлагууд нь хэлж байв.

Албан хаагчдынхаа дунд аттестачилал явуулж чадварлаг нэгний цалинг 20 хувиар нэмэх, дунд зэргийн үнэлгээ авсан ажилтнуудыг сургалтанд хамруулахаар төлөвлөж байгаагаа хэлэв Хангалтгүй дүн авсан 30 хүний хувьд ямар ч арга байхгүй, харин халагдах мэдэгдэл аваад байгаа 47 хүний 30-ийг нь ажлын байраар хангах арга хэмжээ авах юм байна. Мөн ажил дээрээ архиддаг, хонож өнждөг 30-аад хүнд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгчээ. Тэдний оронд сонгон шалгаруулалт зарлаж ажилтан авах юм байна. Мөн өөр хүнтэй өрсөлдөөд ажилдаа үлдэх боломжыг ч хөдөлмөрийн гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн хүмүүст зөвшөөрч байгаагаа хэлж байлаа. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ч ажил дээр архи уухыг зөвшөөрөхгүй гэдгийг тэд хатуу хэлж байв. Танил талаа ажилд авдаг гэсэн албан хаагчдынхаа хэлснийг эрс үгүйсгэж “МҮОНРТ-д орохыг хүссэн хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй” гэж тус телевизийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдэв.

Б.Насанжаргал