БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛЭЭ НУУЦАЛЖ БАЙНА.

Дархан хотын радиогийн сэтгүүлчид, АНУ-ын сэтгүүлч М.Чарлитай уулзах үеэр, аливаа байгууллагын тухай мэдээлэл олж авахад өөрсөдөд нь учирдаг бэрхшээлийн тухай илэн далангуй ярилаа. АНУ-ын Вашингтон хотын олон нийтийн үндэсний радиогийн сэтгүүлч М.Чарли нь, Монголын Хөдөөгийн Радиогийн Холбооны урилгаар ирж, орон нутгийн радиогийн нэвтрүүлгийн хөтөлбөр, сэтгүүлчдийн ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар туслалцаа үзүүлж байгаа юм.

“Дархан долгион”, “Орхон-106” радиогийн сэтгүүлчид ярихдаа, байгууллагууд нь аливаа мэдээллийг, төрийн болон байгууллагын нууцын тухай хуульд заагаагүй тохиолдолд ч сэтгүүлчдээс ямар нэгэн байдлаар нууцлахыг хичээдэг гэж байв.
Сэтгүүлч Т.Баярцогт “- Ихэнх байгууллага нь өөрийн үйл ажиллагааны тухай нууцын жагсаалт батлаагүй мөртлөө, хүссэн бүх мэдээллээ олон нийтээс нууцлахыг хичээдэг. Хуулинд нь нэгэнт байгууллага нууцаа өөрөө тогтооно гээд заачихсан байдаг нь тэднийг ингэж дураараа аашлах боломжийг нь олгодог” гэж яриж байлаа.

Ярилцлагат оролцсон бусад сэтгүүлчид, хэдийгээр зарим байгууллагууд өөрийн нууцын жагсаалт гаргасан хэдий ч, түүнийгээ сэтгүүлчдэд үзүүлэхээс аль болох цааргалдаг талаар ам нэгтэй ярилаа.

2006.07.26. Дархан хот.