Багануур дvvргийн МАХН-ын хорооны дарга Н.Энхболд, BBC телевизийн захирал Н.Хишигбадрах нарт холбогдох Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатарын нэхэмжлэлтэй шvvх хурал 2006 оны есдvгээр сарын 15-ны өдөр Багануур дvvрэгт боллоо.
“Зууны мэдээ” сонины амралт, чөлөөт цагт зориулсан “24 цаг” хавсралт сонины 2006 оны нэгдvгээр сарын 6-ны өдрийн дугаарт “Дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооцож болно” гэсэн нэртэй Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатарын тухай шvvмжлэлт материал нийтлэгджээ.
Төлбөртэй нийтлэгдсэн уг материалд дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатар нь төсвийн хөрөнгийг зvй бусаар vрэн таран хийсэн, зам засварын хөрөнгийг завшсан, уул уурхайн олборлолтын газрыг дур мэдэн олгосон гэх мэт хэд хэдэн баримтыг дэлгэн тавьжээ. Нийтлэлд ямар нэгэн зохиогчийн /бичигчийн/ нэр тавигдаагvй учраас vvнийг хэн бичсэн талаар эрэл, сурал болцгоожээ. “3ууны мэдээ” сонин руу дvvргийн Засаг дарга хандаж, өөрийнх нь нэр төрд халдсан хvнийг олж өгөхийг шаардан, нийтлэлд дурдагдсан зvйлд няцаалт өгөхийг хvсчээ.
Vvний дагуу “Зууны мэдээ” сонин Ч.Оюунбаатараас уучлалт гуйж, тvvний залруулж хэлэхийг хvссэн бvх мэдээллийг дэлгэрэнгvй нийтэлжээ. Иймд гvтгэлгийн материалыг хэн бичиж нийтлvvлсэн тухайд Засаг дарга Ч.Оюунбаатар асууж шалгаахаа больжээ. Гэтэл залруулга гарахаас нэг хоногийн өмнө Багануур дvvргийн BBC телевизээр өнөөх “24 цаг” сонинд нийтлэгдсэн “Дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооцож болно” гэсэн өгvvллийг бvрэн эхээр нь хоёр ч удаа уншиж vзэгчдэд хvргэжээ. Нэгэнт төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн болохоор BBC телевизийнхэн шууд vзэгчиддээ дамжуулжээ. Гэтэл маргааш өглөө нь энэ бvх мэдээлэл vндэслэлгvй болохыг “Зууны мэдээ” сонин хvлээн зөвшөөрч дvvргийн Засаг даргаас уучлалт хvссэн материал нийтлэгдсэн байна.
Vvн дээрээ дөрөөлөн дvvргийн Засаг дарга BBC телевизийн удирдлагыг гvтгэлэг тараасан хэмээн буруутгаж, энэхvv гvтгэлэгийг дvvргийн МАХН-ын хорооны дарга Энхболд захиалж бичиж “Зууны мэдээ” сонинд зориуд төлбөртэй нийтлvvлсэн хэмээн vзэж нэр төрөө 15 сая төгрөгөөр vнэлэн дvvргийн шvvхэд гомдол гаргасан байна. Нэгэнт бусдыг гvтгэсэн хэрэгт холбогдсон дvvргийн МАХН-ын хорооны дарга Н.Энхболд учрыг олох гэж “Зууны мэдээ” сонинд хандан тэрхvv өгvvллийг хэн бичсэн бэ хэмээн асуухад “Бид мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй” хэмээн тайлбарлаад “Ямар ч гэсэн та vvнийг бичээгvй. Vvнийг бид Ч.Оюунбаатарт албан ёсоор мэдэгдэнэ” гээд тvvнд албан бичиг илгээжээ. Иймд Энхболд шvvхэд хандан “Зууны мэдээ” сонин Ч.Оюунбаатарыг гvтгэсэн материалыг нийтэлсэн учраас хоёрдогч хариуцагчаар татах хvсэлт тавьжээ. Vvний дагуу шvvхээс “Зууны мэдээ” сонинд хандан маргаант мэдээллийг хариуцан нийтлvvлсэн сэтгvvлч У.Сарангэрэлийг дуудсан боловч нэг ч удаа шvvхийг хvндэтгэн ирээгvй байна. Аргаа барсан шvvхийнхэн тvvнтэй утсаар ярилцаж, мэдvvлэг авсан хэмээсэн боловч тvvнд нь “Ч.Оюунбаатарыг гvтгэсэн мэдээллийг манай сонинд нийтэлсэн нь vнэн. Бид Ч.Оюунбаатараас албан ёсоор уучлалт гуйж, өмнө нь манай сонинд гарсан мэдээллийг няцаасан ярилцлагыг нийтэлсэн билээ. Харин vvнтэй холбогдуулж гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хариуцахгvй болно” гэж мэдэгджээ.
Vvнийг хариуцагч этгээд Н.Энхболд маш гайхан хvлээж авчээ. “Яахаараа “Зууны мэдээ” сонин нь бусдыг гvтгэсэн материал нийтэлчихээд хоосон уучлалт гуйсан нэрээр сугарч vлдээд, ямарч гэм зэмгvй хvнийг хэрэгт холбогдуулаад шvvхийн өмнө хоосон хаяад зугатдаг байна вэ?” гэж хариуцагч н.Энхболд гомдоллож байна. Харин нэхэмжлэгч тал Ч.Оюунбаатар “Гvтгэгч этгээд нь дvvргийн МАХН-ын хорооны дарга н.Энхболд учраас нэр төрийг маань гутаасан хэмээн vзэж 15 сая төгрөгийг тvvнээс нэхэмжилж байна” хэмээн шvvхэд дахин дахин мэдvvлж байлаа.
Хариуцагч н.Энхболд “Ямар vндэслэлээр намайг бусдын нэр хvндийг гутаасан хэмээн vзэж байгаа юм бэ? Нэг талаас “Зууны мэдээ” сонины сурвалжлагч У.Сарангэрэл нь энэхvv мэдээллийг намайг өгөөгvй гэж мэдvvлсээр байтал, нөгөө талаас тэрбээр эх сурвалжаа илчлэхгvй хэмээн мэдэгдсээр байхад ингэж намайг буруутгах vндэслэл байхгvй. Ямарч гэсэн “Зууны мэдээ” сонины сурвалжлагч У.Сарангэрэлийг байлцуулж, гvтгэлэгийн материалыг хэн тvvнд өгсөн талаар мэдvvлэг авах хэрэгтэй” гэж шvvхэд хандан хэлэв. Гэтэл шvvх хуралдааныг даргалагч н.Оюунханд “Би сэтгvvлч У.Сарангэрэлийг шvvх хуралдаанд удаа дараа дуудсан боловч огт ирээгvй. Иймд урьд нь тvvний өгч байсан мэдvvлэг дээр тулгуурлан шvvх хурлыг явуулж байна” гэлээ.
Уг нь хариуцагч тал болох Н.Энхболд “Гvтгэлэгийн материалыг бид бэлтгэж “Зууны мэдээ” сонинд өгөөгvй. “Зууны мэдээ” сонины гаргасан нийтлэлийг BBC телевиз дахин дамжуулсаны төлөө хаа хамаагvй дvvргийн МАХН-ын хороог буруутах ёсгvй. Харин ч CNN-ийн мэдээллийг шууд дамжуулсныхаа төлөө Монголын телевизvvд хариуцлага хvлээдэггvй биз дээ” гэж хэлж байсан. Vнэхээр тухайн мэдээллийн vнэн бодит байдлыг бэлтгэсэн эх сурвалж л хариуцах болохоос биш дамжуулагч тал хариуцах учиргvй баймаар гэж тэр хэлж байлаа. Vvнийг Багануурын шvvхээс BBC телевиз нь Ч.Оюунбаатарын нэр хvндэд халдсан нь нотлогдож байгаа тул тvvнээс албан ёсоор уучлалт гуйж залруулга гаргах, “Зууны мэдээ” сонин нь бусдыг гvтгэсэн материалыг нийтэлсныхээ төлөө Ч.Оюунбаатараас өмнө нь уучлалт гуйсан учраас тvvнд гаргасан нэхэмжлэлийг хvчингvй болгох, Н.Энхболд нь Ч.Оюунбаатарыг гvтгэсэн материалыг бэлтгэсэн нь нотлогдоогvй тул тvvнээс нэхэмжилсэн 15 сая төгрөгийн нэхэмжлэлийг хvчингvй болгох шийдвэрийг тус тус гаргасан байна.
Г.Энхбаатар