СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Глоб Интернэшл төв нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аяны хүрээнд 11 сарын 30-ны өдөр “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 



Сургалтын зорилго нь оролцогчдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш, мэдрэмжтэй байдлыг дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршив.


Сургалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид оролцсон юм.

Оролцогчдыг сонгохдоо аль болох урьд өмнө энэ төрлийн сургалтад хамрагдаж байгаагүй сэтгүүлч, ажилтныг хамруулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийг зорив.



Сургалтын эхэнд ХЭҮК-ын референт О.Тодбулаг “Жендэр ба хүний эрх” сэдвээр, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал ”Хэвлэл мэдээлэл ба жендэрийн харилцан хамаарал” сэдвээр , “Хүн тулгуурт хөгжил” төвийн тэргүүн, жендэрийн зөвлөх Б.Оюун “Жендэрт суурилсан хүчирхийллийн ойлголт, хэлбэр” сэдвээр мэдлэг, мэдээлэл олгосон бол үдээс хойшхи хөтөлбөрт Глоб Интернэшл төвийн хуульч Л.Галбаатар, Б.Пүрэвсүрэн нар “Хэвлэл мэдээлэлд зориулсан жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт ба түүний хэрэгжилт”, “Төрийн байгууллагын жендэрийн эрх тэгш байдлын тухай бодлого ба эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.


Сургалтын төгсгөлд “Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандах нь” хичээлийг сургагч багш, судлаач, А.Амартүвшин удирдан явуулсан юм.