Глоб Интернэшнл төв нь ХЗДХЯ-ны болон УИХ-ын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгтэй уулзаж, санал солилцлоо.

Глоб Интернэшнл төв нь 11 дүгээр сарын 4-ний өдөр ХЗДХЯ-ны болон УИХ-ын Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтын гол зочноор Канадын Хууль ба Аардчилал төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Мендел оролцож ажлын хэсгийн гишүүдтэй олон улсын туршлагаас хуваалцаж хуулийн төсөлд өөрийн санал, зөвлөмжийг өгөв.

Үдээс өмнө ХЗДХЯ-ны байранд болсон уулзалтад Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсгийн 10 гишүүн оролцсон бол үдээс хойш Засгийн газрын ордны Их эзэн Чингис хааны танхимд болсон УИХ-ын ажлын хэсгийн уулзалтад УИХ-ын гишүүн А.Ганбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн зөвлөх, хуульч, П.Эрхэмбаяр тэргүүтэй ажлын албаны хүмүүс оролцлоо. 

Уулзалтын эхэнд Тоби Мендел хуулийн төслийн хүрээнд өөрийн санал зөвлөмжийг танилцуулсан бол УИХ-ын тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн нь уг ажлын хэсгийн гишүүдийн захиалгаар гүйцэтгэсэн “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний талаарх олон улсын хэм хэмжээ ба гадаадын зарим орны туршлага” сэдэвт судалгааны тайлангаас танилцуулсан юм.

Хуульч, зөвлөх Тоби Менделийн өгсөн зөвлөмжүүдийг багцалбал, ХЗДХЯ-ны ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг харьцангуй сайн болсныг дурдаад дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг сануулсан юм. Үүнд:

- Сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цар хүрээ болон гүйцэтгэх үүргийнхээ хувьд өөр статустай тул Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар нэгтэн зохицуулах боломжгүй

- Олон нийтийн эв санааны нэгдлийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэг биш тул Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд тусгах шаардлагагүй

- Төрийн болон албаны нууцын хэт өргөн хүрээг хумих шаардлагатай

- Арилжааны телевизүүд эх сурвалжаа нууцлах эрхийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулах шаардлагатай

- Төрийн нууцад хамаарах мэдээллийг олж авсан тохиолдолд хариуцлагыг хэвлэл мэдээллийн редакц болон сэтгүүлч биш төр буюу Засгийн газар өөрөө хариуцах

- Төрийн нууц мэдээлэл олж авсан аливаа тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчийг хамгаалсан зохицуулалт зайлшгүй шаардлагатай болохыг цохон тэмдэглэв.