Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал - Нээлтийн үг

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Үндэсний Форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нарт талархал илэрхийлье!

Азийн бүс дэх Хүний эрхийн хамгийн нөлөө бүхий байгууллага болох Форум Ази анх удаа 2010 онд Монголд НҮБ-ын гишүүн тухайн орны Засгийн газар олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих туйлын их ач холбогдол бүхий шинэ, онцгой механизм болох ХЭЗ-ийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн тухай мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэн түгээх ажил эхлүүлсэнийг эргэн санахад таатай байна.

Энэ хүрээнд бид анх удаа Хүний эрхийн ТББ-уудын Үндэсний Форум байгуулсан нь өнөө хэр тогтмол үйл ажиллагаа явуулж, томоохон сүлжээ болжээ. Тус Форум 14 жилийнхээ тууштай хөдөлмөрийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ТББ-ын тайлангууд бэлтгэж, илгээсэн билээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүний эрхийн хороо, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, бусад Хороодод ч сүүдэр илтгэл илгээсэн туршлагатай.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 оны 3-р сарын 15-ны өдрийн 60/251 тоот тогтоолоор  НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг Хүний эрхийн зөвлөл /ХЭЗ/- д олгосон.

2007 оны 6-р сарын 18-нд ХЭЗ-ийн шинэ гишүүд Зөвлөлийн ирээдүйн ажлын удирдамжийг агуулсан зохион байгуулалтын баримт бичиг нэг үндсэн хэсэг нь Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тухай байсан юм.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) бий болсноор аль нэгэн гэрээгээр хязгаарлагдахгүй хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосон. Мөн НҮБ-ын гишүүн бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм.

Өнөөдөр бид Хүний эрхийн төлөв байдлын гуравдугаар илтгэлд НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн 170 зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хэлэлцэх, 4-р илтгэлд тусгах асуудлуудаа хэлэлцэхээр цуглаад байна.

UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд үндэслэдэг  ба  улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт  туслах, техникийн туслалцааны асуудлыг ч мөн авч үздэг нэгэн онцлогтой юм.

UPR-ийн эцсийн зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулахад оршино.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журам, ХЭЗ-ийн 2007 оны 6-р сарын 18-ны өдрийн 5/1 тоот тогтоолд зааснаар Засгийн газар нь Үндэсний илтгэл бэлтгэн илгээх үүргээ биелүүлэхдээ үндэсний хэмжээнд холбогдох  бүх талуудтай өргөнөөр зөвлөлдөх ёстой. Энэ нь ТББ-дад олгож буй боломж юм.

Иймд энэ үе шатанд хийх ТББ-уудын нэг ажил бол үндэсний илтгэлийг бүх талын оролцоотой бэлтгэх талаар Засгийн газарт нөлөөлөх явдал юм.  Зарим улс оронд  Засгийн газрын бэлтгэсэн Үндэсний илтгэлийг Парламент дээр хэлэлцэн батлах, ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг явуулж санал авах зэргээр ажилладаг.

Иргэний нийгмийн байгууллагууд UPR-т өөрийн улс орон дахь хүний эрхийн анхаарал татсан асуудлаар илтгэл бэлтгэн илгээж болох ба ингэхдээ хэд хэдэн байгууллага хамтран нэгдсэн илтгэл бэлтгэхээс гадна дангаараа илгээж болно.

Монгол Улс хоёр удаа ХЭЗ-ийн гишүүнээр сонгогдон ажилласан.

Иргэний нийгмийн байгууллагуудын “Сүүдэр илтгэл” нь Гэрээдийн Хороодод тухайн Засгийн газрын илтгэлийн дараа очдог бол UPR-ийн журмын дагуу ТББ-уудын илтгэл нь Засгийн газрын бэлтгэдэг Үндэсний илтгэлээс түрүүлж хүрдэг.  

Үүний дагуу Монгол Улс НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн чуулганаар Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлээ анх удаа 2010 онд, хоёрдугаар илтгэлээ 2015 онд, харин гуравдугаар илтгэлээ 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэлэлцүүлсэн юм.

Манай Засгийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж заншсан нь сайшаалтай.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь иргэний нийгмийн идэвхтнүүд, иргэний чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулдаг суурь эрх, эрх чөлөө билээ. 2015 онд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс Монгол улсын Засгийн газарт 164 зөвлөмж, 2020 онд 170 зөвлөмж ирүүлсэнээс үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахтай холбоотойгоор 2010 онд нэг, 2015 онд 8, 2020 онд 6 зөвлөмж ирүүлсэн ба манай улс бүгдийг хүлээн авсан юм.

Эдгээр зөвлөмжийг багцалвал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбогдох үндэсний хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа “хууль ёсны байх”, “зайлшгүй байх”, “зохист хэмжээнд байх” зарчмыг дээдлэх, өргөн нэвтрүүлгийн зохицуулах байгууллага (ХХЗХ)-ын хараат бус байдлыг хангах, Эрүүгийн хуулийн нэр хүнд гутаахтай холбоотой зүйл заалтыг халж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх, сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчдийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зэрэг зөвлөмж өгсөн юм. Онцлон тэмдэглэхэд эдгээрээс гадна хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудыг заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлахаас хамгаалсан хууль тогтоомж баталж, хэрэгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагын хэргийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах зөвлөмж бий.

Зөвлөмжид тусгасан “Зөрчлийн тухай хуулийн гүтгэлэгтэй холбоотой 6.21 дэх заалтыг хүчингүй болгох замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах” гэсэн зөвлөжийг хүлээн авч хүчингүй болгосон ч манай хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн 13.14 -д худал мэдээлэл тараахтай холбоотой заалт оруулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд үл нийцэх ухарсан алхам хийлээ.

Энэ мэтээр жирийн иргэд, иргэний нийгмийн идэвхтүүдэд халтай хууль, зүйл заалт олширч буй болж байгаа нь харамсалтай. Нэлэлттэй мэдээлэл бол иргэний хяналтын гол хөшүүрэг юм. Гэтэл манайх “Төрийн ба албаны нууцын тухай “ хуулиараа төрийн нууц мэдээллийн жагсаалтыг Засгийн газар баталж, мэдээллээ нууцлах эрхийг төрийн байгууллагуудад олгосон нь төрийн амлалтын эсрэг үг, үйлдлийн ноцтой зөрчил юм. Түүнчлэн “Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуульд” үзэл бодол, шүүмжлэлийг хориглосон заалт ч үүний илрэл юм.

“Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтад хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулахаар тусгасан ба Засгийн газрын хөтөлбарт, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөхиүлэн дэмжих заалтууд орсон нь иргэний нийгмийн дуу хоолойг сонсох, ингэхдээ сонсоод өнгөрөх бус ажил хэрэг болгох улс төрийн хүсэл зориг гэж ойлгож буйгаа тэмдэглэе.

ТХЗ-2030-ын ”Төрийн мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” хэмээх 16.10 дахь дэд зорилт нь хүний эрхийг хамгаалагч, сэтгүүлч, шүгэлдэгчийн эрхийг хамгаалахтай нягт холбоотой ба мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох мэдээлэлтэй байх эрх чөлөө нь ТХЗ 2030-д заасан эрүүл мэнд, боловсрол, цаг уурын өөрчлөлттэй холбоотой үйлдлүүд гэх мэт хүний бусад эрхийг шаардах, эдлэх боломж олгоно.

Мөн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд өөрчлөлт хийх зорилго бүхий Ажлын хэсгүүд УИХ, ХЗДХЯ-нд байгуулагдсан байна. Ажлын хэсгийн гишүүдийг ИБУТЭТОУТ-ын хэрэгжилтийн тухай засгийн газруудын илтгэлийг хэлэлцэж, дүгнэлт өгдөг НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөл, ЮНЕСКО-гийн зөвлөмжүүдийг эргэн харж, энэ чиглэлээр мэргэшсэн ТТБ-уудтай нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Манай өнөөдрийн хэлэлцүүлэг UPR-ын хэрэгжилт, дараагийн илтгэл бэлтгэх үе шатад оруулж жинтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Ингээд Та бүхэнд амжилт хүсье! Баярлалаа!