Хүний Эрхийн Төрийн Бус Байгууллагуудын Форум (ХЭФ) -ын гишүүн Хүний эрх хөгжил төв (ХЭХТ) ТББ, Глоб Интернэшнл Төв ТББ хамтран Азийн хүний эрх, хөгжлийн форум (ФОРУМ-АЗИ)-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын гуравдугаар илтгэлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (ХЭЗ) өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хийсэн дунд хугацааны үнэлгээний хэлэлцүүлгийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.
Уг хэлэлцүүлгээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын Үндэсний 3 дугаар илтгэлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн 170 зөвлөмжийн хэрэгжилтэнд Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Үндэсний Форумаас хийсэн дунд хугацааны үнэлгээг танилцуулж, дараагийн ээлжит Үндэсний 4 дүгээр илтгэлийг бэлтгэх талаар ярилцав. Ингэснээр дараах үр дүн гарлаа. Үүнд:
1. НҮБ-ын ХЭЗ-ийн зөвлөмжүүдийн хэрэгжилтээр ИНБ-уудын хийсэн үнэлгээг төрийн байгууллагууд болон бусад талуудад танилцуулж, хүний эрхийн тулгамдсан асуудлаарх мэдлэг ойлголтыг нэгтгэхэд хувь нэмэр оруулав.
2. Хүний эрхийн зөрчлийн шалтгааныг тодруулах, арилгах талаар талууд харилцан ярилцаж, санал солилцов.
3. 2025 онд МУ-ын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлын тухай Үндэсний 4 дүгээр илтгэлээ бэлтгэхэд дэмжлэг болохыг зорив.
Үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжин, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал нар нээж үг хэлэв.
Хэлэлцүүлэгт МУ-д хүний эрхийг хамгаалах бодлого, хэрэгжилт, хяналтыг хангадаг, хэрэглэдэг бүх талууд болох УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, МУ-ын Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ-ын зөвлөхүүд, ХЭҮК, холбогдох яамд, төрийн байгууллагууд, Шүүх, хууль сахиулах, мэргэжлийн байгууллагууд, НҮБ-ын Суурин Төлөөлөгчийн Газар, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, МУ дахь БНЛУ-ын Элчийн сайдын яам болон ХЭФ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт МУ-д хүний эрхийг хамгаалах бодлого, хэрэгжилт, хяналтыг хангадаг, хэрэглэдэг бүх талууд болох УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, МУ-ын Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ-ын зөвлөхүүд, ХЭҮК, холбогдох яамд, төрийн байгууллагууд, Шүүх, хууль сахиулах, мэргэжлийн байгууллагууд, НҮБ-ын Суурин Төлөөлөгчийн Газар, МУ дах зарим улсын ЭСЯамд болон ХЭФ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлэг дээр Хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх зөвлөмжүүд, Бүлгийн эрхийн зөвлөмжүүд, Иргэний, улс төрийн эрхийн зөвлөмжүүд, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн зөвлөмжүүд гэсэн дөрвөн бүлгийн дагуу холбогдох эрх бүрийн хэрэгжилтийн үнэлгээг дэлгэрэнгүй авч үзлээ.
Хэлэлцүүлгийн зохион байгуулагч Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл Төв байгууллагууд Азийн хүний эрх, хөгжлийн форумын нэр хүндтэй, идэвхтэй гишүүд бөгөөд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулдаг билээ.
UPR буюу Universal Periodic Review гэж юу вэ?
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм юм.
Энэхүү механизм нь гэрээгээр хязгаарлахгүй аливаа улсын хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосноос гадна НҮБ-ын гишүүн бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм. UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд үндэслэдэг ба улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт туслах, техникийн туслалцааны асуудлыг авч үздэг онцлогтой.