Глоб Интернэшнл төвөөс НҮБ-ын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2024 оны 09-р сарын 27-ны Баасан гарагт “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга, Х.Наранжаргал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн Монголын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдан оролцов.
Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга Д.Дуламсүрэн, Хууль, зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Үндэсний дата төвийн Мэдээлэл технологийн газрын дарга Э.Баттөр, Глоб Интернэшнл төвийн хуульч Л.Галбаатар нар илтгэл танилцуулав.
Глоб Интернэшнл төвөөс НҮБ-ын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2024 онд ч мөн НҮБ-аас гаргасан “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдвийн хүрээнд ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
НҮБ-ын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг дэлхий даяар жил бүрийн 09-р сарын 28-ны өдөр тэмдэглэж, тухайн жилд тулгамдсан асуудлын дагуу олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ЮНЕСКО, Бүгд Найрамдах Гана улсын Мэдээллийн яам хамтран Гана улсын нийслэл Аккра хотод 2024 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр-2024” Дэлхийн бага хурал зохион байгуулах гэж байна. Уг хурал нь мэдээллийн хүртээмжийн бодлогыг төрийн янз бүрийн нэгжүүд хэрхэн хэрэгжүүлж буйг Засгийн газруудын төлөөлөл болон иргэний нийгмийн тоглогчдод толилуулах боломжоор хангах юм. Хурлын хэлэлцүүлгүүд мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх бодлогын уялдааг хангахад төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх үүргийг онцлон дурдана. Хурлаас дараах үр дүн гарах юм. Үүнд: 1. “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр-2024” Дэлхийн бага хурлын оролцогчид “Аккрагийн Тунхаглал” баталж, дүгнэлтэд хүрэх юм. Тунхаглалын төслийг одоогоор “Өгөгдлийн хүчийг эерэг өөрчлөлтөд ашиглах нь: Мэдээллийн хүртээмжийн төлөө хүсэл зориг” хэмээн нэрлээд байна. 2. Африк тив дэх Мэдээллийн хүртээмжийн тухай Загвар хуулийн 10 жилийн ойн тэмдэглэлт өдөрт зориулсан нээлт болно.